Англи улстай агаарын харилцааны гэрээ байгуулснаар шууд нислэг үйлдэнэ

Англи улстай агаарын харилцааны гэрээ байгуулснаар шууд нислэг үйлдэнэ

Засгийн газраас агаарын тээврийн либералчлалыг тэлэх хүрээнд 2023- 2024 онд дэлхийн агаарын тээврийн гол бүсүүд рүү шууд нислэг үйлдэх шат дараатай ажлыг эхлүүлж, 10 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулахаар төлөвлөөд байна. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Ерөнхий сайдын худалдааны элч Даниел Кочинский, Элчин сайд Филип Малонтой уулзаж, агаарын тээвэр, төмөр зам, авто замын хөгжлийн чиг хандлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Сайд С.Бямбацогт ИБУИНХУ-ын Засгийн газраас Монгол Улстай эдийн засгийн чиглэлд онцгой анхаарч, Ерөнхий сайдын Худалдааны төлөөлөгчийг тусгайлан илгээж, гуравдагч хөрш болсон улсыг Монгол Улстай худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэхэд анхаарч байгаад талархалаа илэрхийлээд, цаашид хамтын ажиллагааг тэлэх хүсэлтэй байна гэсэн юм.

Тэрбээр “Монгол Улс гуравдагч оронтой харилцахад тээврийн салбар чухал үүрэгтэй. Тиймээс агаарын харилцааны хэлэлцээр байгуулахад анхаарч, шууд нислэгийн тоог нэмж байна. Манай хоёр улсын агаарын харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөлд ирэх сарын 24-26-нд ХБНГУ-ын Лайпциг хотноо болох Олон улсын тээврийн форумд оролцох үеэрээ гарын үсэг зурах боломжтой гэж төлөвлөж байгаа. Энэ саналыг уламжилж өгч дэмжихийг хүсье.

Мөн нийслэлийн замын хөдөлгөөний түгжрэлд Засгийн газраас анхаарч, Шинэ сэргэлтийн бодлогодоо тусган, “Туул хурдны зам” төслийг хэрэгжүүлэх гэж байна. Туул голын эрэг дагуух авто зам, замын байгууламж, тус авто замыг Улаанбаатар-Хөшигийн хөндийн нисэх буудлын хурдны авто замтай холбох замын байгууламжийг богино хугацаанд барина. Мөн Монголын Эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн босгох “Шинэ Хархорум” төслийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар эхлүүлж, УИХ-аас шийдвэрүүд гаргаж байна. Хархорумыг нийслэлтэй холбох хурдны төмөр зам барих ТЭЗҮ, зураг төслийг гүйцэтгэхэд хамтран ажиллах саналтай байгаа” хэмээв.

Их Британийн талаас хоёр улсын худалдаа, эдийн засаг, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, дэд бүтцийн томоохон төслүүдэд холбогдох албаныхантай хамтран ажиллахаар тохирсныг ЗТХЯ мэдээллээ.