Д.Энхтуяа: Сонирхлоороо Монголын анхны Уран хатгамлын урланг нээж, 30 мянган хүнд үнэгүй сургасан /ВИДЕО/

Д.Энхтуяа: Сонирхлоороо Монголын анхны Уран хатгамлын урланг нээж, 30 мянган хүнд үнэгүй сургасан /ВИДЕО/

Бид энэ удаа Монголын хамгийн анхны уран хатгамлын урланг онцоллоо. Энэхүү урланг уран хатгамалч Д.Энхтуяа үүсгэн байгуулсан. Түүний хувьд 50 гаруй жил өөрийн хоббигоор уран хатгамал хийж энэ хугацаанд 7000 гаруй гарын шавь бэлтгэжээ. Мөн уг урланг нээснээс хойш 30 мянган хүнд үнэ төлбөргүй сургалт орсон байна.

ВИДЕО: 

Тус урлан зочин хүлээн авах, бэлдэц болон хэрэглэгдэхүүний, бэлэн болсон бүтээлүүд, шинээр суралцагч нар сурах өрөө гэсэн дөрөв тасалгаатай. Урлангийн ажил өглөө 9-с эхэлнэ. 9-12 цаг хүртэл шинээр суралцагчдад анхан шатны зүү ороохыг зааж, сургаад оёдол болон хатгамлын төрлүүдийг нэмж заадаг аж.

Өөрөөр хэлбэл зүү ороож сурахыг хүссэн хэн бүхэнд энэхүү урланд ороод 2000-аад төрлийн бэлэн бэлдцээс сонголтоо хийж, оёхыг заалгаж болно. Мөн хэцүү буюу хүнд оёдлуудыг тус урлангийн зохион байгуулагчид гүйцээн оёж, бүтээлийг нь урлан дээрээ зарж өгдөг байна.

Ингэхдээ өнгө загвараас хамаарч ганц дайлан биш бүс, утасны уутнаас эхлээд өдөр тутам хэрэглэгдэж болох маш олон төрлийн бүтээгдэхүүнийг өөрсдийн зохиомжоор хийж болно.

Харин уран хатгамалч Д.Энхтуяагийн хувьд 14-84 насны буюу бүх нас хүйсийн шавь нартай. Сүүлийн үед эрэгтэй шавь олон болж буйг ч онцолж байв. Түүний хувьд банкны санхүүч мэргэжилтэй байсан хэдий ч багаас сонирхсон оёж хатгах хоббигоо давхар хөгжүүлсэн өдгөө Унгар, Англи, Герман улсуудад бие даан үзэсгэлэн гаргаж, гадаад дотоодын олон хүнд уран хатгамлыг зааж, түгээн дэлгэрүүлж, анхны урлангаа нээгээд буй. Түүнчлэн эл хугацаанд урланд ирж чадахгүй эсвэл интернэт орж чадахгүй хүмүүст зориулан таван бүтээлийн ном гаргажээ. Ном нэг тус бүрд дахин давтагдахгүй 250 хээний зураг, хортой цаасны хамт бий. Ингэснээр номыг худалдан авсан ямар ч хүн дуртай хээгээ торго болон даавуун дээр буулган оёж болох юм. Мөн түүний анхны шавь өдгөө 35 дайлан оёж, захиалга авдаг болсон. Нэг дайлангаа хоёр саяар оёод сууж байна. Тэгэхээр хүмүүс чөлөөт цагаараа оёж шидэх хоббигоо хөгжүүлэнгээ орлоготой болж болно гэдгийг онцолж байлаа.

ФОТО: