Тахианы аж ахуй эрхлэгчдэд 22 тэрбум төгрөгийн зээл олгоно

Тахианы аж ахуй эрхлэгчдэд 22 тэрбум төгрөгийн зээл олгоно

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ онд Аж ахуй эрхлэгчдэд олгох зээлийн нэгдсэн дүнг зарлалаа. 

-ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД 1 ТЭРБУМ ХҮРТЛЭХ ТӨГРӨГИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОНО- 

Дотоодын тэжээлийн үйлдвэрлэлийг 150 мянган тн хүргэх зорилгоор үйлдвэрлэсэн тэжээлийн нэр, зориулалт шимт чанарыг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүртгэлд хамруулсан дотоодоос түүхий эд худалдан авах үйлдвэрлэгчдэд тус зээлийг олгоно.

-ГАХАЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД НИЙТ 4 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ-

Гахайн аж ахуйг өртгөтгөн,  махны хангамжийг нэмэгдүүлэх замаар импортын хамаарлыг бууруулахаар Өндөр ашиг шимтэй  үржлийн өсвөр мэгж, бодонг дотоодоос худалдан авах, импортлоход тус зээлийн дэмжлэгийг үзүүлнэ. Гахайн эрчимжсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 1 тэрбум төгрөг.

-ЗӨГИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД 3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙН ДЭМЖЛЭГ ОЛГОНО-

Манай улсад 2017 оноос зөгийн аж ахуй эрчимтэй хөгжиж эхэлсэн ч жилд 350 тонн зөгийн бал үйлдвэрлэж байна. Тухайлбал, 2022 онд 2 тонн зөгийн бал экспортлосон. Дотоодын хэрэгцээг нэмэгдүүлэх, экспортын нэмэгдүүлэх үүднээс нэг зээлдэгчид 500 сая хүртэл төгрөгийн зээл олгоно.

-ТАХИАНЫ АЖ АХУЙ ЭРХЛЭГЧДЭД 22 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО-

Тахианы мах, өндөгний импортыг бууруулахаар үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, технологитой тахианы махны аж ахуй, өндөгний чиглэлийн иргэн, аж ахуй нэгжид 2 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл, 20 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг тус тус олгоно гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.