Т.Анхзул: Хэдийгээр гэрийнхэн маань жүжигчин болгох дургүй байсан ч сонирхлоороо сурч 20 настайдаа Жульетта болсон

Т.Анхзул: Хэдийгээр гэрийнхэн маань жүжигчин болгох дургүй байсан ч сонирхлоороо сурч 20 настайдаа Жульетта болсон

Хүн бүрийн сэтгэл зүрхэнд аугаа хайрын түүхийг амилуулсан Ромео, Жульетта” сонгодог жүжгийг найруулагч Н.Наранбаатарын найруулгаар саяхан тоглосон. Жульеттад хамгийн залуу буюу 25 насандаа жүжигчин О.Дөлгөөн тус дүрийг бүтээж байсан. Тэгвэл одоогоос дөрвөн жилийн өмнө СУИС-ийн гуравдугаар курсийн оюутан Т.Анхзул 20 настайдаа Жульеттагын дүрийг бүтээжээ. Тэрбээр тус дүрийг хоёр дэх удаагаа бүтээсэн бөгөөд өөрийн хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн УДЭТ-ын жүжигчин болсон байна.

ВИДЕО:

Түүнтэй уулзахад инээмсэглэл тодруулсаар “Хоёр жил дагалдан жүжигчин хийгээд одоо УДЭТ-т жинхлэгдсэн” хэмээж байгаа нь цаанаа л нэг баяр, хөөртэй. Тэрбээр өдгөө 24 настай залуу жүжигчин бөгөөд урлагийн салбарт бол боловсорч яваа "жимс" юм.

Тэрбээр дунд сургуулийн театрт жүжиг үзэхдээ“Үлгэрийн оронд очсон мэт л догдолж байсан” гэдгээ сонирхуулж, тэр үеэс л театр гэх ертөнцөд гүн дурлаж байжээ. Тухайн үед Т.Анхзулд “Би театртай холбоотой ажил хийх ёстой юм байна” гэх мэдрэмж төрч байсан аж. Бяцхан зүрхэндээ орших асар том мөрөөдлийн төлөө тэмүүлэх тэрбээр СУИС-д орохыг хүсэж байгаагаа гэр бүлийнхэндээ хэлэхэд эрс эсэргүүцэж байж. Гэвч Т.Анхзул мөрөөдлийнхөө төлөө тэмүүлсээр Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд орсон бөгөөд СУИС-д элсэн суралцжээ. Энэ талаар гэрийнхэн нь эхний хичээлийн дунд үе хүртэл мэдээгүй байна. Одоо ч аав нь театрт ажиллуулах, жүжигчнээр ажиллуулах дургүй байдаг талаар бидэнтэй хуваалцсан юм.

Анх түүний багш Н.Наранбаатар “За, Зулаа чи Ромео Жульетта гээд жүжгийн Жульеттагын нэг хэсгийг бэлд. Чамайг шалгана” хэмээгээд нэг долоо хоногийн дараа шалгахад тэнцжээ. Ингээд Т.Анхзулын хувьд хорьхон насандаа Жульетта болж, тайзанд гарч үзээгүй оюутан охин өөрийн авьяасыг толилуулахаар уран бүтээлчдийн хамт “Ромео, Жульетта”-д тоглож байжээ. Харин өдгөө дөрвөн жилийн өмнө тавигдаж байсан “Ромео, Жульетта” жүжгийг дахин сэргээн тавихад дахин Жульетта болох боломж түүнд олдсон. Дөрвөн жил сурсан мэдлэг, хоёр жил дагалдан жүжигчин хийсэн туршлагын дараа дахин Жульеттагын дүрийг бүтээх түүнд өмнөхөөсөө өөр байсан ч их зүйлийг сурч “Нэг их сургууль төгссөн мэт болсон” гэсэн юм.

Залуу найруулагч Ч.Бат-Эрдэнийн бүтээл “Саран хийл” УСК-д гол дүр бүтээсэн түүний хувьд дэлгэцийн урлаг, театрын урлагийн ялгааг ойлгох томоохон түлхэц болсон биз ээ. Театрт хамгийн хойно сууж байгаа хүнд яаж өөрийнхөө хоолойг хүргэх, үгээ ойлгомжтой хэлэх, нэг талаас гэрэл тусч байхад ард, гурван давхарт сууж байгаа хүн жүжигчний өгүүлэмжийг ойлгох уу гээд бүр зүйл дээр анхаарах ёстой ба алдаж болохгүй. Харин дэлгэцийн урлагт бүх үзэгдэл дээр жинхэнэ байх ёстой бол алдсан ч ахиад авч болох учир аль сайнаараа хичээх хэрэгтэй хэмээн ялгааг тайлбарласан юм.

Түүний аав “Ромео, Жульетта” жүжгийг ирж үзсэн хэдий ч охиныгоо жүжигчин байлгах дургүй учир сүртэй баяр хүргээгүй байна. Харин Т.Анхзулын хувьд “Аавыгаа хүлээн зөвшөөртөл нь л гүрийнэ дээ” гэсэн юм.

Улсын Драмын Эрдмийн Театр нь 90 жилийн түүхтэй монголын хамгийн том урлагийн мэргэшсэн байгууллага юм. Мэргэжлийн байгууллагад ажиллана гэдэг нь залуу уран бүтээлчдийн хувьд нэр төрийн хэрэг хэдий ч улсын байгууллагын нэг адилаар цалин муутай, барилга хуучирч муудсан талаар ярьж байсан. Тэрбээр хэлэхдээ “Миний хувьд театрт жаахан шинэчлэл хийгдээсэй л гэд боддог” гэлээ.

Т.Анхзул нь багадаа жүжигчин болж чадахгүй бол дотоод ертөнцөө нээж зохиолч болно гэж хүсдэг байжээ. Одоо ч мөн өөрийн доторх баяр, гунигийг хуваалцаж бичихийг хүсдэг бөгөөд ирээдүйд зохиолч болох тухай нууцхан бодол төрдөг байна.

“Намайг хайран дунд байлгасан бүх театрынхаа ах, эгч нарт би баярлаж явдаг. Мэдээж гэр бүлийнхэндээ намайг шөнө, орой хамаагүй гэр орондоо очихгүй бэлтгэл хийх үеүд байна тэр болгонд ойлгож байгаад баярлалаа. Дүүдээ бас баярлалаа. Дахиад л бас найруулагчдаа баярлалаа. Ийм их хүний хайрыг дааж явна гэдэг чинь өөрөө бас их том хариуцлага юм байна. Тэгэхээр аль чадахаараа, өөрийнхөө чадах бүхнийг энэ залуу насан дээрээ хийнэ гэж бодож байна даа” хэмээн бидний ярилцлага өндөрлөсөн юм.