Э.Ёндоншарав: "Тамгагүй төр"-ийг тоглохын тулд урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоогүй /ВИДЕО/

Э.Ёндоншарав: "Тамгагүй төр"-ийг тоглохын тулд урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоогоогүй /ВИДЕО/

УДЭТ-ын тайзнаа Оросын сонгодог зохиолч Н.В.Гоголийн "Тоглоомчид" хэмээх алдарт зохиолыг найруулагч Э.Ёндоншаравын найруулгаар энэ сарын 20-ноос үзэгчдийн хүртээл болгож эхлээд байгаа билээ. Үүнтэй зэрэгцээд Э.Ёндоншарав найруулагчийн туслах найруулагчаар ажилласан "Тамгагүй төр" жүжгийг дахин тоглож, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсооход хүрээд байна гэх мэдээлэл гараад байгаа. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УДЭТ-ийн найруулагч, СТА Э.Ёндоншараваас зарим нэгэн зүйлийг тодрууллаа. 

ВИДЕО:

-Та юуны түрүүнд хоёр хоногийн өмнө нээлтээ хийсэн "Тоглоомчид" жүжгийн талаар сонирхуулаач. Яагаад энэ жүжгийг найруулж, тайзнаа тоглох болов?

-Тоглоомчид жүжиг энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийсэн бөгөөд 23-ны өдөр хүртэл тоглогдоно. Москвад сурч байхад хамгийн ойрхон, нууцлаг, тайлагдашгүй, оньсого гэдгээрээ зохиолч нь надад өөрөө их таалагдсан. Энэ ч утгаараа зохиолыг найруулан УДЭТ-ын тайзнаа тоглогдож байна. Анх 1936 онд УДЭТ Сонгодог жүжгийнхээ хөшгийг Н.В.Гоголийн "Байцаагч түшмэл"-ээр нээж байсан юм билээ. Энэ ч утгаараа зайлшгүй тавигдах ёстой бүтээл. Жүжгийн үйл явдал хотын буурчийн газар Ихарев гэх 80 мянган рубль хожсон гарамгай мөрийтэй тоглоомчин ирснээр эхэлнэ. Энэхүү зохиол нь мөрийтэй тоглоомчдын тухай биш, харин хүн чанар хэрхэн сорилтод орж, ёс суртахуун яаж ёроолд унаж буйг гашуунаар харуулсан.

-"Тоглоомчид" жүжгийн араас "Тамгагүй төр" жүжиг тоглогдох юм билээ. Харин энэ нь багагүй шүүмжлэл дагуулаад байх шиг байна? 

-Төрийн ажлыг зогсоогоод "Тамгагүй төр" жүжгийг тоглох гэж байна гэх мэдээлэл яваад байх шиг байна. "Тамгагүй төр" жүжиг нь мөн миний бүтээл. Би монголдоо ирээд нэг жил гаруй болж байна. Энэ хугацаанд "Жангар" хүүхдийн жүжиг, "Сычуаны сайн хүн", "Тамгагүй төр", "Шөнө буусан аадар", "Тоглоомчид" гээд таван жүжгийг найруулсан. Эдгээр жүжгүүд нь энэ саруудад дарааллаад тоглогдох юм. Тухайлбал, "Тоглоомчид" энэ сарын 20-23-ны өдөр, "Тамгагүй төр" энэ сарын 24-29-ны өдөр, "Шөнө буусан аадар" тавдугаар сарын 5-ны өдрөөс, үүний дараа "Сычуаны сайн хүн" гээд жүжгүүд маань тавигдана. 

-"Тамгагүй төр" жүжгийг тайзнаа тоглохоор төлөвлөсөн байсан гэсэн үг үү?

-Тийм ээ. "Тамгагүй төр" жүжгийг дөрөвдүгээр сарын 28, 29-ны өдрүүдэд Англи улсаас үндсэн албан ёсны комисс ирж үзэх юм. Энэ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард төлөвлөсөн байсан ажил. Тиймээс ч эдгээр өдрүүдэд тайзнаа тоглогдох гэж байна.

-"Тамгагүй төр" жүжгийг дахин тайзнаа тоглох гэж байгаа нь урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсооход хүргэж байгаа гэх мэдээлэл байна. Үнэхээр ийм зүйл болоод байгаа юм уу?

-Энэ барилгад УДЭТ болон Үндэсний урлагийн их театр байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг. Үндэсний урлагийн их театр ямар байр суурьтай байгааг би мэдэхгүй байна. Миний хувьд эв түнжингүй байх гэхээсээ илүү эвтэй байхыг эрхэмлэдэг. "Тамгагүй төр" бол монголын театр урлагтай холбоотой бүх хүний нэр төрийг олон улсын тавцан, олон улсын платформд гаргаж байгаа бүтээл. Тиймээс ч УДЭТ-ын тайзнаа дахин тоглогдох гэж байгааг бүх хүн дэмжинэ гэж найдаж байна. Уг бүтээлийг дахин тайзнаа тоглож байгаагаас төрийн ажлыг тасалдуулж сүйд болсон зүйл байхгүй.