"The Hu" хамтлаг Монголын элсэн цөлд 12 мянган ширхэг мод тарина гэв

"The Hu" хамтлаг Монголын элсэн цөлд 12 мянган ширхэг мод тарина гэв

"The Hu" хамтлаг Монголын зүүн өмнөд нутгийн элсэн цөлд 12 мянган мод тарихаар болжээ.

Тодруулбал, "The Hu" хамтлаг "Эх дэлхийн өдөр"-ийг /2023.04.22/ тохиолдуулан “Байгаль эх” дууныхаа шинэ хувилбарыг гаргасан бөгөөд энэ үеэрээ Монголд 12 мянган Сибирийн хайлаас мод тарихаар төлөвлөөд байгаагаа мэдэгдлээ.

Ингэхдээ Монголын зүүн өмнөд нутгийн элсэн цөлд өөрийн хамтлагийн логоны хэлбэрээр 12 мянган мод тарих юм. Уг лого нь Хүннүгийн үеийн овгууд хэрэглэж байсан эртний бэлгэдэлд үндэслэсэн ганц эвэрт ирвэсийг дүрсэлсэн байдаг.

"The Hu" энэ талаар "Дэлхий дээрх амьтай бүхэн эхтэй бөгөөд нэг ёсондоо дэлхий бидний өөр нэг ээж юм. Тиймээс "Байгаль эх" дуу маань ээжтэйгээ харилцах харилцаа болон хүн ба дэлхий хоорондын ижил төстэй байдлыг өгүүлдэг. Монгол хүн ээжийгээ ихээхэн хүндлэн дээдэлдэг бөгөөд хайр нь хязгааргүй байдаг тул нас барсан ч сэтгэл зүрхээрээ үргэлж үр хүүхдээ хамгаалж, тэтгэж байдаг гэдэгт бид итгэдэг. Тиймээс бидний өөр нэг эх болсон байгаль дэлхийг хайрлан хамгаалах нь зүйн хэрэг” хэмээн дурджээ. Сибирийн хайлаас нь бат бэх үндэстэй, усны хэрэгцээ багатай учраас Монголын говьд тарихаар сонгосон байна. Мод тарих ажил тавдугаар сараас эхлэх юм.

Т.Бямбажаргал