Монгол Улс болон Катар Улсын Засгийн газар хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг баталлаа

Монгол Улс болон Катар Улсын Засгийн газар хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг баталлаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол, Катар хоёр улсын хоорондын “Агаарын харилцааны хэлэлцээр”-ийг эцэслэн баталлаа.

Өнгөрсөн гуравдугаар сард хоёр тал тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь Монгол Улсын Засгийн газар бусад улсын Засгийн газартай байгуулсан 40 дэх хэлэлцээр юм. Хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр улсын агаарын тээвэрлэгчид шууд болон коммерын хамтын ажиллагааны хүрээнд нислэг үйлдэх бөгөөд аялал жуулчлал, бизнес, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжих өргөн боломж бий болж байгааг ИНЕГ мэдээллээ.

Нийслэл Улаанбаатар хотоос Ойрх Дорнод, Хойд Африк, Булангийн орнууд руу зорчигч, ачаа тээвэрлэх, монголчууд “Qatar Airways”-ээр үйлчлүүлэх боломжтой болж байна. “Qatar Airways” компани нь өдгөө 90 улсын 150 чиглэлд нислэг үйлддэг. Өнгөрсөн онд гэхэд тус авиа компаниар 18.5 сая зорчигч үйлчлүүлж, 2021-2022 оны санхүүгийн жилд 5.6 тэрбум риал буюу 1.54 тэрбум ам.долларын цэвэр ашиг олж, дээд амжилт тогтоосон дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгч аж.    

Түүнчлэн манай улс “Qatar aeronavigation academy”-тай хамтран ажиллах боломжтой. Академи нь нисгэгч, нисэх онгоцны засвар үйлчилгээний инженер, нислэгийн удирдагч, цаг уурч, нисэх онгоцны буудлын ашиглалтын удирдлагын ажилтан, аюулгүй байдал, цагаачлалын ажилтнуудад зориулсан сургалтууд зохион байгуулахаас гадна нисэхтэй холбоотой олон төрлийн мэргэжлээр богино хэмжээний сургалт, IDP IELTS-ийн сургалтыг мөн зохион байгуулдаг байна.