Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь хилийн хоригоо түр хугацаагаар цуцлуулах хүсэлтийг шүүгчид ирүүлжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нь хилийн хоригоо түр хугацаагаар цуцлуулах хүсэлтийг шүүгчид ирүүлжээ

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг Хөгжлийн банкны хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаж, хилийн хориг тавьсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,түүнийг Эрүүгийн тухай хуулийн 22.1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байхдаа "Бэрэн групп"-д зээл олгосон гэх хэрэгт буруутгаж байгаа юм. 

Тэгвэл Б.Лхагвасүрэн нь өөрийн хилийн хоригийг чөлөөлж өгөхийг хүссэн бичгийг Хөгжлийн банкны хэргийг шүүж буй шүүгчид ирүүлжээ. 

Тодруулбал, тэрбээр дараа долоо хоногт зохиогдох Азийн хөгжлийн банкны хилийн уулзалтад оролцох боломжгүй нөхцөл байдалтай байгаа нь хөгжлийн түншүүдийн зүгээс үл тоосон, хайхрамжгүй хандаж байна гэсэн сэтгэгдэл төрүүлж байгааг ойлгон богино хугацаанд ч гэсэн нүүр тулан уулзах, санал солилцох хэмжээний хоёроос гурван хоногт багтаан зорчих боломжоор хангаж өгөх тухай хүсэлт тавьсан байна. Түүнчлэн шүүх хурлын мэтгэлцээний шатанд хавтаст хэрэгт авагдсан мэдээллийн хүрээнд өөрийн биеэр тайлбар хариулт өгч оролцохын зэрэгцээ эзгүйд нь түүний өмгөөлөгчийн зүгээс хариулахаар бэлтгэсэн бүх зүйлтэй ижил байр суурьтай оролцох өмгөөлөгчдөө бүрэн итгэж байгаагаа илэрхийлжээ. 

Уг хүсэлтийн хариуд шүүх хурлын даргалагч шүүгч хилээр гарах хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах ёстой. Шүүхийн байр суурь анхнаасаа тодорхой буюу бүх оролцогчдод ижил тэгш боломжоор хандана. Хуралдаан дуустал хилийн хоригийг цуцлах боломжгүй гэдгээ илэрхийллээ. Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон 32 хүнд хилийн хориг тавиад буй билээ.