СУРВАЛЖИЛГА: Монгол хэлний мэндийн үгс мартагдаж, уран бүтээлчдийн хайхрамжгүй алдаа эх хэлний боловсролд сөргөөр нөлөөлж байна /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Монгол хэлний мэндийн үгс мартагдаж, уран бүтээлчдийн хайхрамжгүй алдаа эх хэлний боловсролд сөргөөр нөлөөлж байна /ВИДЕО/

Улс үндэстний оршин тогтнох үндэс, амин чухал дархлаа нь тухайн улсын хэл соёл байдаг. Энэ нь гагцхүү мэндлэх хүндлэх ёсноос эхэлнэ. Монголчууд эрт дээр үеэс мэндлэх хүндлэх, мэнд мэдэх арвин баялаг үгийн санг ашиглаж ирсэн ёс уламжлалтай ард түмэн. 

Тухайлбал, ахмад настанд Амар сайн байна уу?, Амархан морилж явна уу?, Таны бие тэнхээ тавлаг сайхан уу? хэмээн мэндчилдэг бол үеийн хүнд Ая зан юутай вэ?, Хэрэг зориг бүтэмжтэй юу? гэх мэтчлэн олон янзаар мэндэлдэг. Мөн Монгол хэлэнд аливаа үйл хэрэгтэй холбоотой мэндийн үгс олон бий. Жишээ нь эсгий хийж буй айлд зочлохдоо үйлийн эзэнд хандаж "Саваа нь шандас болж, савсан нь мяндас болог", "Бухын дух шиг буржийж, Азарганы сайр шиг арзайж байх болтугай" гэж мэндэлдэг бол үйл урлаж буй хүнд Үйл уран болог? гэх мэтчилэн ажил үйлстэй холбоотой мэндийн ёсыг одоо ч нүүдэлчин ард аж амьдралдаа хэрэглэдэг. Ингэхдээ эл хэлний соёл зөвхөн хөдөөгийн ардад үлдэж, үр хойч болсон оюутан залуусын үгсийн санд бүртгэгдсэнгүй юу? 

Учир нь бид энэ удаа оюутан залуус монгол мэндийн үгсийг хэр мэддэг эсэхийг тодруулахаар орон нутагт одоо ч хэрэглэгдэж буй үгсээр мэндчилэхэд "Ёстой сонсоогүй юм байна. Мэдэхгүй юм байна" гэх хариултыг хэлж байлаа.  

ВИДЕО: 

Тухайлбал "Бухын дух шиг буржийж, азарганы дух шиг арзайж байх болтугай" гэх мэндчилгээний үгийг асуухад огт сонсоогүй гэх. Мөн хөөрөг зөрүүлэхдээ хэлдэг мэндийн үгс, үйл урлаж буй хүнд хэлэх ерөөлийн үгс зэргийг мэдэхгүй байсан нь энэ мэт мэндчилгээний үгс цагийн аясаар мартагдаж буйн жишээ билээ. Хэдийнээс хэн бүхний мэдэх хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян Монгол баян гэх язгуурын эшлэл ч утгаа алдав. Иймд бид Монгол хэлний уугуул үгс, мэндийн ёсон харийн салхинд хамуулах вий хэмээн эмзэглэж энэхүү сурвалжилгыг бэлтгэн хүргэлээ.

Монгол хэлний үгийн санг нарийвчлан тоолж судалсан судалгаа одоогоор байхгүй бөгөөд 60 мянгаас найман тэрбум хүртэлх үгтэй байх магадлалтай хэмээн үздэг. Харин өнөө цагт бид хэрэгцээндээ таарсан хэдхэн үгээр хэлэлцэж буй. Тэгвэл эртний гэх Монгол үгс мартагдаж буй талаар Монгол Улсын Их Сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн багш Б.Энхсувдтай уулзаж ярилцлаа.

-Таны хувьд дунд үеийн Монгол хэл, тэр дундаа Монгол бичгийн сурвалжийг голчлон судалдаг. Тэр үеийн Монгол хэлний үгсээс орчин үед уламжлагдан ирээгүй, орхигдсон хэд орчим үг байдаг вэ?

-Монгол хэл, тэр дундаа Монгол бичгийн эх сурвалж арвин их өв сантай. Дунд үеийн бичгийн дурсгалд хэрэглэгдэж байсан үгсээс 90 орчим хувь нь орчин цагт хэрэглэгдэж байгаа бөгөөд 10 орчим хувь нь хэрэглэгдэхгүй болсон. Монголчууд нүүдэлчин ахуй соёлтой учраас мал аж ахуйтай холбогдолтой үг хэллэг  арвин. Түүгээрээ ч бусад улс орноос онцлогтой байдаг.

-Орчин үед мартагдсан мэндийн үгс нэлээд олон байна. Хэл шинжээч хүний хувьд энэ юутай холбоотой гэж үзэж байна?

-Мэдээж мартагдсан мэндийн үг олон бий. Энэ нь магадгүй орчин нөхцлөөсөө шалтгаалж буй. Тухайлбал, "Ноос савж байна" гээд хэлэхэд түүнийг ойлгох залуус орчин үед хэр их билээ?. Үгс хэрэглээс гарч, мартагдаж буй нь байнга хэрэглэх боломж нөхцөл бүрдэхгүй байгаатай холбоотой. Залуус маань аль болох л мэдэж, ойлгож, хэлж занших хэрэгтэй байна даа.

-Цахим хэрэглээтэй холбоотой мессэж, чат ч юмуу эсвэл дуучид, уран бүтээлчид дууныхаа нэрийг өгөхдөө буруу бичиж, эх хэлийг гажуудуулж буй нь эх хэлний боловсролд хэрхэн нөлөөлж байгаа бол?

-Уран бүтээлчид, дуучид маань үгээ арай орчин үеийн болгох гээд ч юмуу, хэлний мэргэжилтнүүдээс тусламж авалгүйгээр алдаа ихээр гаргаж байна. Дууныхаа үгийг хадмалтай оруулахдаа ч алдаатай биччихдэг.  Тухайлбал "Санахгүй гэсэн юм" гэдэг үгийг "Санахгүй гэсиймаа" гээд буруу  биччихсэн дууны нэр хүртэл байна. Түүнийг нь сурагч хүүхдүүд ч гэлтгүй нийт хүмүүс даган дуурайж зөв бичих зүйн алдаа болон уг үг хэрхэн бүтсэн гэдэгт анхаарлаа хандуулалгүй, зөв мэт ойлгоод байна. Энэ нь нийт иргэдийн эх хэлний боловсролд сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа.

Бэлтгэсэн: Т.Бямбажаргал