АН-ын дэргэдэх "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүнд таван эмэгтэй өрсөлдөх ч, А.Адъяасүрэн томилогдох тохироогоо хийжээ

АН-ын дэргэдэх "Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо"-ны тэргүүнд таван эмэгтэй өрсөлдөх ч, А.Адъяасүрэн томилогдох тохироогоо хийжээ

АН-ын дарга Л.Гантөмөр “гэрчилгээ, тамга”-тай болсноор намынхаа үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бүрдсэн аж. Улмаар Л.Гантөмөр есөн фракцадаа зориулж есөн дэд дарга, есөн нарийн бичгийн дарга гээд 118 хүний бүрэлдэхүүнтэй бүтцийг зураад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Тэгвэл АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүний төлөөх марафон тус нам дотор эхэлсэн аж. Учир нь АН-ын дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын холбооны тэргүүн болсноор тус намаас 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших мандатаа автоматаар авдаг тул, тус албан тушаалын төлөөх ширүүхэн өрсөлдөөн болж байгаа аж. Мөн энэ сар /2023.05/-д тус хоёр байгууллагынхаа удирдлагыг сонгох ажээ. 

-АН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТЭРГҮҮНЭЭР А.АДЪЯАСҮРЭН, ЗАЛУУЧУУДЫН ТЭРГҮҮНЭЭР М.АМГАЛАНБААТАР СОНГОГДОХ ТӨЛӨВТЭЙ БАЙГАА АЖ-

Тэгвэл АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нэр дэвшинэ гэдгээ намынхаа удирдлагуудад илэрхийлж, тохироогоо хийгээд байгаа аж. Харин түүнтэй Г.Батхүү агсны төрсөн дүү П.Батчимэг, С.Эрдэнэтэй нэг хэсэг улс төрд хамтарч, шоронд ч хамт хоригдож явсан Д.Үүрийнтуяа, мөн “Фортуна” Н.Батбаярын охин Б.Жаргалан, “Найрамдал” зуслангийн захирал асан Д.Оюунцэцэг нарын бүсгүйчүүд өрсөлдөнө гэдгээ илэрхийлжээ.

Гэсэн хэдий ч УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн болох томироогоо намынхаа удирдлагуудтай хийж ажилдаа ороод байгаа ажээ. Одоо тус холбооны тэргүүнээр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа ажилладаг байна.

М.Амгаланбаатар

Харин АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнээр М.Амгаланбаатар гэх залуу сонгогдох магадлал өндөр байгаа аж. Учир нь тэрээр тус холбооны Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг олон жил хашиж байгаа аж. Гэтэл нөгөө талд С.Эрдэнэ Баянгол дүүргийн АН-ын хорооны дарга Н.Болдбаатарыгаа Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнд өрсөлдүүлэх төлөвтэй байгаа аж. Учир нь Н.Болдбаатарыг ийнхүү дэвшүүлж, Баянгол дүүргийн АН-ын хорооноос холдуулаад, өөрийн хүргэн Г.Энхболддоо Баянгол дүүргийн АН-ын хорооны дарга гэх албан тушаалыг өгөх төлөвлөгөөтэй байж магадгүй байгаа аж.