СУРВАЛЖИЛГА:  Нэг нь 380 мянган төгрөгөөр бүтсэн “дөрвөлжин чулуу” хүний хөлд хөглөрч байна /ВИДЕО/

СУРВАЛЖИЛГА: Нэг нь 380 мянган төгрөгөөр бүтсэн “дөрвөлжин чулуу” хүний хөлд хөглөрч байна /ВИДЕО/

Ямар  нэгэн жагсаалын үеэр Сүхбаатарын талбайд машин нэвтрүүлсэн хэд, хэдэн тохиолдол гарсан. Энэ нь үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах эрсдэлтэй байсан учраас талбайн зах орчимд гар хийцээр бүтээсэн дөрвөлжин чулууг байрлуулсан байдаг. 

-УГ ЧУЛУУНУУДЫГ "БОРЖИН ЧУЛУУ" КОМПАНИ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН-

Тодруулбал, Одоогийн Шадар сайд С.Амарсайхан Хотын даргаар ажиллаж байхдаа улсын төсвийн 150 гаруй сая төгрөгөөр “дөрвөлжин чулуу”-ууд авч Сүхбаатарын талбайд байрлуулсан. Тэгвэл өдгөө эдгээр чулуунуудыг нийслэлийн хэд, хэдэн байршилд байрлуулсан нь явган хүний зорчих хэсгийг бөглөн, "хог" болон хөглөрч байна. 

ВИДЕО: 

Эдгээр “дөрвөлжин чулуу”-г Шадар сайд С.Амарсайхан 2019 онд хотын даргаар ажиллаж байхдаа "Боржин чулуу" компанид захилга өгч, төлбөрийг нь улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөөр төлсөн байдаг. Тодруулбал, 296 ширхэг жижиг, 100 ширхэг том нийтдээ 396 ширхэг “дөрвөлжин чулуу”- хийх тендер зарласан. Улмаар уг төслийг 151 сая төгрөгөөр санхүүжүүлж, гүйцэтгэлийн ажлыг нь Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцан хэрэгжүүлсэн юм. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө төв талбайд хэсэг хугацаанд байрлуулсан тус чулууг иргэд, олон нийт “булшны чулуу” гэж шүүмжилснээс үүдэж чулуунуудыг хотын хэд хэдэн байрлалд шилжүүлэн байршуулсан байдаг.

Өнөөдрийн байдлаар үндсэн зорилгоосоо хазайсан эдгээр дөрвөлжин чулуунуудыг агуулах газар, тавих байршил, тоох хүн олдохгүй байсаар Улаанбаатар хотын энд тэнд иргэдийн хөлд хог болон хөглөрүүлэх болжээ. Тухайлбал, Сүхбаатарын талбайн баруун хойд хэсэгт “Голомт” банкны хажууд, Монгол бөхийн өргөөний урд талын уулзвар, 19 дүгээр хороолол, хотын автобусны буудлууд, "Өдрийн сонин"-ы байрны гадна, Их дэлгүүрийн явган хүний гарц зэрэг газарт хэвтээ босоогоор, хэд хэдэн ширхгээр нь өржээ.

Гэтэл ОХУ, Япон, Герман зэрэг дэлхийн өндөр хөгжилтэй улс орнууд яг үүнтэй адил дөрвөлжин чулуугаар Парламентын ордон, төв талбайгаа хашсан байдаг. Үүнийг ч иргэд нь эсэргүүцдэггүй байдаггүй. Учир нь энэ нь дэлхийн хотуудад тогтсон стандарт юм. Харин монголчууд үндсэн зорилгын ч ухалгүйгээр эдгээр “дөрвөлжин чулуунуудыг” гоочилж, муулж сайлсаар жинхэнээсээ л төсвийн мөнгийг хэдэн чулуу болгоод газрын нэг цацчихсан болж таарлаа.

-СОГТУУГААР МАШИН ЖОЛООДСОН ЭТГЭЭД СҮХБААТАРЫН ТАЛБАЙ РУУ ХЭД, ХЭДЭН УДАА НЭВТРЭХ ГЭЖ ОРОЛДСОН -

Хэрэв эдгээр чулуунууд үндсэн зорилгынхоо дагуу төв талбайд байршиж байсан бол дараах зөрчлүүд гарахгүй байх байсан. Мөн болзошгүй халдлагаас иргэдийг хамгаалах юм. Тухайлбал, 2017, 2018 онд Сүхбаатарын талбай руу согтуугаар автомашин барьсан жолооч машинтайгаа талбай руу нэвтэрсэн, автомашин хулгайлсан иргэн зугтаж явахдаа талбай руу орж гадаадын жуулчин мөргөсөн, жагсаалын үеэр машин оруулж шатаах гэж оролдсон. Мөн хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн оны есдүгээр сард болсон Төрийн ёслолын үеэр автомашинтай этгээдүүд цагдаагийн хамгаалалтыг нэвтэрч орсон зэрэг гэмт халдлагууд нь талбайг хашаалж, авто машин нэвтрэхээс сэргийлсэн хаалт байхгүйн улмаас л үйлдэгдсэн хэргүүд юм.

Түүнчлэн одоогоос гурван жилийн өмнө тус чулууг хийх компанийг ямар ч тендергүй сонгосон гэх асуудал гарч байсан. Тухайн үед дээрх чулуунуудыг хийсэн гэх “Боржин суварга” компанийн захирал Ж.Түвшинжаргал "Чулуугаа бид Төв аймгийн Эрдэнэ сумаас Байгалийн цэвэр, цагаан шаргал өнгөтэй боржин чулуу олборлосон. Чулууны бизнес их зарлагатай байдаг. Орон нутгийн нэмэлт төлбөр, тээврийн зардал, ашиглаж буй төхөөрөмж, ажилчдын цалин хөлс гээд зарлага маш их. Дээр нь бид улсдаа татвар төлнө. Мөн манай компани нийт 15 ажилтантай. Сарын цалин 1.000.000-1.600.000 төгрөг. Тэгээд үйл ажиллагаа явуулж байгаа юм чинь бага зэргийн ашиг байх ёстой. Энэ бүхнийг тооцоолоод миний хамгийн анх гаргасан үнэ бол нэг ширхэг дөрвөлжин хаалтыг 490 мянгаар тооцсон. Гэтэл захиалагч тал үнээ буулга гэдэг хүсэлтийг удаа дараа тавьсны дагуу нэг ширхэг нь ойролцоогоор 380 мянга буюу нийт 396 ширхэг хамгаалалтын чулуу 152 сая 231 мянга 237 төгрөгийн төсөвтэй болсон" гэж ярьсан байдаг.

Харамсалтай нь, өдгөө хийлгэсэн, хийсэн хоёул уг чулууг аль хэдийнээ мартжээ. Мөн Хотын дарга С.Амарсайханы үеийн олон хэл ам дагуулсан ажлуудын нэг нь эдгээр чулуунууд байсан. Эл ажил хэдий “төсвийн мөнгийг хий дэмий үрсэн” гэх үр дүнд хүрсэн ч угтаа энэ ажлыг мэдлэг мэдээлэлгүй иргэд хөөс болгосон гэхэд болно.

Ташрамд дурдахад, Төрийн ажил төвийн мөнгөний маргаан дагуулсан уг ажлыг өнөөдөр ч эргээд зориулалтаар нь ашиглах боломжтой. Иймд төсвийн зардлыг үр ашиггүй болгож орхихын оронд хэрэгтэй газар нь зориулалтынх нь дагуу буцаагаад тавих нь зөв шийдэл болов уу.

Сэтгүүлч: Т.Бямбажаргал

ФОТО: