Оросоос худалдаж авдаг “уран”-аа Монголоос авдаг болохоор Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчилж байна

Оросоос худалдаж авдаг “уран”-аа Монголоос авдаг болохоор Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчилж байна

Манай улсад сүүлийн жилүүдэд геополитикийн хувьд түүхэн айлчлалууд болж байна. Тухайлбал, өнгөрсөн жил Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд Р.Синхг анх удаа манай улсад айлчлал хийсэн. Түүний айлчлалыг “БНХАУ-ын нөлөөг хумихын тулд НАТО бүсчлэлээ Энэтхэг-Номхон далай /Inda-Pacific/ болгон өргөжүүлсэн тул Монгол, Энэтхэг улсын харилцааг хөгжүүлэхийн тулд хийсэн” хэмээн бид дүгнэсэн.

-Э.МАКРОНЫ АЙЛЧЛАЛЫН ҮЕЭР “НОГОО ЭРЧИМ ХҮЧ” БУЮУ ЦӨМИЙН СТАНЦЫН ТАЛААР ЯРИГДАХ БА МАНАЙ УЛСЫН ХУВЬД АХАДСАН ДЭД БҮТЭЦ-

Тэгвэл Францын Ерөнхийлөгч Э.Макрон Японд болох “Их-7”-ын уулзалтаа дуусгаад ирэх ням, даваа гараг /2023.05.21-22/-т манай улсад анх удаа айлчлал хийх гэж байна. Э.Макроны айлчлалаар Монгол, Франц улс хоорондын хамтын ажиллагааны чухал хэлэлцээ, гэрээ байгуулагдана гэсэн хүлээлт байгаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар /ЕТГ/-аас, “айлчлалын үеэр хоёр тал албан ёсны хэлэлцээ, уулзалт хийж хоёр орны харилцааг шат ахиулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцана.Мөн хоёр улсын харилцааг ногоон эрчим хүч, зам тээвэр, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, хүмүүнлэг зэрэг салбарт тэлж, харилцан ашигтай хамтарсан төслүүд хэрэгжүүлэх талаар санал солилцоно” гэж мэдээлээд байна.

ЕТГ-ын албан ёсны мэдээлэлд дурдсан “ногоон эрчим хүч” гэдэг цөмийн цахилгааны станцыг хэлж байгаа явдал юм.

Учир нь Олон Улсын цөмийн энергийн байгууллагаас, “цөмийн станц нь агаарын чанарыг хамгаалж, бага зай талбай эзэлж, хог хаягдал бага гаргадаг тул ногоон эрчим хүч” гэж үзэх болсон. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Харин манай улсын хэрэглээ болоод эдийн засгийн хувьд цөмийн цахилгаан станцтай болно гэдэг ахадсан сэдэв байх талтай. Тухайлбал, 1 их наяд ам.долларын эдийн засагтай Турк улс л гэхэд саяхан анхны атомын цахилгаан станцаа ашиглалтад оруулж байна.

-УРАНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭР ДЭЛХИЙД ЭХНИЙ ГУРАВДУГААР БАЙРТ ОРДОГ ФРАНЦ УЛС ОРОСООС АВДАГ БАЙСАН УРАНЫ ХЭРЭГЛЭЭГЭЭ МОНГОЛООС АВДАГ БОЛНО-

Харин айлчлалын үеэр “Франц улс монголоос цөмийн станцын гол түүхий эд болох уран авах” талаар хэлэлцээ хийгдэх нь тодорхой болоод байна. Учир нь дэлхий дээр нийт ураны 32 хувийг АНУ, 19 хувийг БНХАУ, 15 хувийг Франц улс хэрэглэж тэргүүлдэг. Гэтэл ураны хэрэглээ хамгийн их Франц “ураны орд байхгүй” улс ажээ.

Уран хамгийн их хэрэглэдэг улс орнуудын график. 2021 он

Иймд ураны хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч хангадаг байна. Харин 2021 оны байдлаар Орос, Казахстан, Нигер гэсэн гурван улс нийлээд Европын холбооны 66.94 хувийн ураныг хангаж байжээ. Харин өдгөө ОХУ нь Европын орнуудын хоригт орсон тул ураны экспорт нь зогсож, Франц улс ч ураны нийлүүлэлтээ нөхөх өөр оронтой түлшилнэ гэсэн үг.

Товчхондоо,Франц улс оросоос авдаг ураны хэрэглээгээ монголоос нөхөж, манай улсад их хэмжээний орлого оруулахаар А.Макрон айлчилж байна. Учир нь Франц улс Казахстанаас уран авдаггүй байна.

Уран нийлүүлэлтээр тэргүүлдэг улс орнуудын график

Сонирхуулахад, дэлхийн нийт ураны 46 хувийг Казахстан, 10 хувийг Канад, 9 хувийг Австрали, 5 хувийг Орос олборлодог байна. Харин Монгол Улсын хувьд ураны нөөцөөрөө дэлхийд эхний 20 дугаарт, Азидаа эхний 10 дугаар байранд ордог бөгөөд 2022 оны байдлаар манай улсад 180 мянган тонн ураны нөөц илэрсэн ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг судлаачид онцолж байна. Иймд манай улс дэлхийн ураны нийт хэрэглээний 5 хувийг нийлүүлдэг болох боломж нээгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.