Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг зохион байгуулна

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг зохион байгуулна

Онцгой байдлын ерөнхий газар “Оюу толгой” ХХК-тай хамтран газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх “Бэлэн бай” аяныг тавдугаар сарын 15-аас зургадугаар сарын 9-ний өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.
 
 
Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр, Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг, “Оюу толгой” ХХК-ийн аюулгүй байдал болон онцгой байдлын удирдлагын хэлтсийн менежер Б.Цэрэндорж нар оролцсон юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож “онц байдал” тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан “Бэлэн бай” аяныг санаачлан хэрэгжүүлж байна. “Бэлэн бай” аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээх юм.
 
Мөн аяны хүрээнд газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах www.belenbai.mn сайтыг шинээр нээж, иргэдэд хэрэгцээт мэдээллийг нэг шугамаар хүргэх боломжийг бүрдүүлээд байна. Иргэн та бүхэн “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээр байгаа QR кодыг уншуулснаар www.belenbai.mn сайтаас газар хөдлөлтийн талаарх мэдээллийг авах боломжтой.