ВИДЕО: Багш нар бэлэг авахыг хүсдэггүй ч эцэг эхчүүд дур мэдэн өгснөөр багшийг авлигал авсан мэт болгож, хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг

ВИДЕО: Багш нар бэлэг авахыг хүсдэггүй ч эцэг эхчүүд дур мэдэн өгснөөр багшийг авлигал авсан мэт болгож, хүүхдэд буруу үлгэр дуурайлал үзүүлдэг

Манай улсын аль ч шатны боловсролын байгууллагад нэгэн бичигдээгүй хууль байдаг нь хавар хичээл тарах, намар хичээл цуглах, багш нарын баяр болох, үсэглэлийн баяр, хонхны баяр, төгсөлтийн баяр гэх мэтчилэн маш олон баяр, арга хэмжээ, үйл ажиллагаа зохион байгуулж, анги удирдсан багш нарт зах замбараагүй бэлэг тараах асуудал юм.

ВИДЕО: 

Эл асуудалд багш нарыг буруутган ярих нь олонтаа. Гэвч үнэн хэрэгтэй ямар нэгэн бэлэг сэлт, бэлэнэ мөнгө заавал өгөх ёстой гэсэн хуучны тогтсон сэтгэлгээ л шүү дээ. Боломжтой нэг нь ядарсан нэгэндээ хүндрэл чирэгдэл учруулах, багш нарыг авлигад сургах, сурагчидтай ялгавартай харьцах цаашлаад хүүхдүүд бие биенээ ялгаварлан гадуурхах, багаасаа авлигалыг энгийн зүйл мэт ойлгодог болох зэрэг олон сөрөг үр дагавартай. Уг мөн чанартаа зүгээр л хээл хахууль төдий зүйл.

Монголчууд эрт үеэсээ багш нараа хүндэтгэн дээдэлж өргөл барьц өргөн талархсан сэтгэлээ илэрхийлж, хүндэтгэл үзүүлдэг байсан. Энэ нь яв явсаар өнөөдрийн тогтсон сэтгэлгээг бий болгож, заавал өгөх ёстой зүйл мэт, заншил мэт мөрдөгдсөөр байгаа юм. Тогтсон сэтгэлгээг эвдэж, эл асуудлыг нэг тийш нь шийдвэрлэх нь зүйн хэрэг. Боловсролын салбарын бугшсан сэтгэлгээг бага ч атугай эрүүл болгож, эерэг үр дагавар авчрахыг хүсэмжлэн энэ удаагийн сурвалжилгаа бэлтгэн хүргэж буй юм. Бид дээрх асуудлын талаар Нийслэлийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид болоод эцэг эх, асран хамгаалагчидтай уулзаж ярилцсан юм.

Багш нарт бэлэг өгөх нь тэднийг авлигал авсан мэт эвгүй байдалд оруулдаг Сурагчдын эцэг эхийн зүгээс багш нарт гарын бэлэг, бэлэн мөнгө зэрэг эд өлгийн зүйл өгөх багш нарт ямар санагддаг талаар болон энэ нь сурагчдад ямар нэгэн сөрөг үр нөлөөг үзүүлэх боломжтой эсэхийг асуухад, “Эрт дээр үеэс ард олон  маань багш нараа ихээхэн хүндлэн дээдэлж, ирсэн. Энэ нь магадгүй өргөл барьц барьж үр хүүхдээ даатгадаг байсан эрт үеэс эхлэлтэй сэтгэлгээ болов уу. Бид ажлаа л хийж байгаа хүмүүс. Ардын хүүхдээс мөнгө төгрөг хараад, өг гэж шаардаад байсан зүйл огтоосоо байдаггүй. Зуун хувь эцэг эхчүүдийн санал санаачлагаар зохион байгуулагддаг. Зарим үед эцэг эхчүүд зүгээр л тал засаж, хүүхдийнхээ дүнд нөлөөлөх, бусад сурагчдаас илүү анхаарал тавихыг шаарддаг. Энэ нь эргээд хүүхдэд маш буруу үлгэр дуурайлал үзүүлнэ.

Гэвч үүнийг эцэг эхчүүд үл ойлгон бидэнд янз бүрийн бэлэг сэлт барисаар, биднийг авлигал авсан шунаг, шунахай хүмүүс мэт эвгүй байдалд оруулж байна. Үүнийг шийдэж, цэгцлэх шийдэл нь эцэг эхчүүд үйлдлээ ухамсарлаж, цаг ямагт үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлэх нь чухал” гэж ярьсан юм.

-БАГШ НАРЫН ЦАЛИН БАГА АЧААЛАЛ ИХ УЧИР БИД БЭЛЭГ СЭЛТ ӨГДӨГ-

Ингээд бид хүүхдүүдээ сургуулиас нь авахаар ирсэн эцэг эх, асран хамгаалагчдаас багш нарт бэлэг сэлт өгөх нь хэр зөв зүйтэй алхам гэж боддог болон энэ асуудал ямар нэгэн хүндрэл бэрхшээл учруулдаг эсэхийг асуухад,

 “Багш нарын цалин бага, ачлаал их. Ер нь хүнд ажил шүү дээ. Бид сэтгэлийн бэлэг болгож багахан хэмжээний бэлэг дурсгалын зүйл, эд материал өгдөг. Өрхийн эдийн засагт нэг их нөлөөлдөггүй. Үүнд нэг их гомдоллоод, горойгоод байх зүйл байдаггүй. Өгөхөд буруудах зүйл огт үгүй” гэж ярьсан бол зарим эцэг эхчүүд “Уг нь дэмий зүйл. Тэд чинь өөрсдийн ажил, үүргийг л гүйцэтгэж яваа хүмүүс шүү дээ. Үүнийхээ төлөө ч цалин, нэмэлт урамшуулал ч авдаг “ гэж ярьсан юм.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ талаар тусгайлж журамласан зүйл огт үгүй. Гагцхүү зөвлөгөө, уриалга л хүргэдэг. Үүнд:

  • Багш нар Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
  • Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
  • Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
  • Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
  • Эцэг эх асран хамгаалагчид багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
  • Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэх зэргийг үүрэг болгодог

Авсных нь буруу юу, өгснийг нь буруу юу?

Эл асуудалд багш, сурагчдын буруу гэхээс илүү эцэг эхчүүдийн нэг нэгнээсээ илүү гарах гэсэн мунхаг хүсэл, үр хүүхдэдээ бусдаас илүү анхаарал тавиулах гэсэн шунаг сэтгэлийн л буруу. “Миний хүүхэд л болж байвал” гэсэн ахархан бодлоос болж хүүхдэдээ буруу үлгэр дуурайлал үзүүлж, багш нарыг авлигал авсан мэт эвгүй байдалд оруулдаг байна. Эл асуудлыг улсаас ямар нэгэн дүрэм журмаар шийдвэрлэнэ гэхээс илүү сургалтын байгууллага өөрөө дотоод орчиндоо дүрэм журам баталж, хяналт зохицуулалт хийх нь нэн чухал шийдэл юм.

Т.Бямбажаргал