Чойжин ламын сүм музей өнөөдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чойжин ламын сүм музей өнөөдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Олон улсын музейн өдрийг тохиолдуулан Чойжин ламын сүм музей өнөөдөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Тус музей нь нийслэлд цөөхөн үлдсэн Монголын бурхны шашны түүх, соёлд холбогдох хосгүй үнэт өвийн нэг юм. Эрдэнэ билигт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйлд зориулсан анхны Занхан сүм, гэр өргөөг 1899-1901 онд байгуулсан боловч 1903 оны өвлийн сүүл сарын нэгэн шөнө гэнэтийн гал түймэр гарч тэрхүү гэр өргөө бүрмөсөн шатжээ. Иймээс тухайн үеийн тэргүүн зэргийн газар шинжээч лам нар “Далхын дэнж” буюу одоогийн Чойжин ламын сүм музей буй газрыг сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн шинжсэнээр 1904 оноос монгол, хятад урчуудын ур ухаан, хүч хөдөлмөр шингэсэн үзэмж төгөлдөр сүм, өргөө байгуулах ажлыг эхлүүлж байжээ. Их бүтээн байгуулалтын ажлыг 1908 оны үед бүрэн дуусгасан байна. Тус сүм өргөөг бурхан тахил, эдлэл хэрэглэлийн хамт бүтээн босгоход 69230 лан, 7 цэн, 8 пун мөнгө зарцуулсан гэдэг.