БАРИМТ: Б.Нямтайширын "МАК" улсын хэмжээнд 105 байршилд газар авсан бол "Монголын алтан аялал" ХХК нь Богд уулын 7 байршилд газар эзэмшдэг байна

БАРИМТ: Б.Нямтайширын "МАК" улсын хэмжээнд 105 байршилд газар авсан бол "Монголын алтан аялал" ХХК нь Богд уулын 7 байршилд газар эзэмшдэг байна

Монгол Улсын Засгийн газраас 2022-2023 оны "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж, энэ хүрээнд "5Ш" ажиллагааг явуулж байгаа билээ. Үүний нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд 2000-2020 оны хугацаанд эзэмших, өмчлөх, ашиглах зориулалтаар олгосон 36,985 газрын мэдээллийг ил болгосон.

Тус мэдээллээс үзэхэд зарим иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд нийслэл хийгээд хөдөө орон нутагт багагүй хэмжээний олон тооны газар эзэмшиж, ашигладаг байх аж.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир, ээж Д.Хулан нарын нэр дээр бүртгэлтэй "Монголын алт МАК" ХХК гэхэд Монгол Улсын хэмжээнд 105 байршилд газар эзэмшдэг байх аж. Тодотговол, Дундговь аймгийн Баянжаргалан суманд 14,437,779 м2 газрыг уул уурхайн зориулалтаар, Дорнод аймгийн Халх гол суманд 12,000,000 м2 газрыг үр тарианы усалгаагүй тариалан, Хэнтий аймгийн Цэнхэрмандалд 442,439 м2 талбайг Эрчим хүч дамжуулах шугамын, Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 401,000 м2 газрыг хатуу хучилттай замын, мөн суманд уурхайн зориулалтаар, Төв аймгийн Сэргэлэн, Баянчандмань, Дорноговийн Мандах, Даланжаргалан, Сэлэнгийн Хүдэр, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ зэрэг сумдад уул уурхай, газар тариалан, аялал жуулчлал, барилга байгууламж, худалдаа үйлчилгээний цогцолборын зориулалтаар газар эзэмшдэг байна. Газрын мэдээллийг ЭНД ДАРЖ  уншина уу. 

-Д.ХУЛАНГИЙН НЭР ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ "МОНГОЛЫН АЛТАН АЯЛАЛ" ХХК "ЗАЛААТЫН АМ"-НД Л.ГАНСҮХ ГАЗАР ОЛГОЖЭЭ-

Харин  Н.Номтойбаярын ээж Д.Хулангийн нэр дээр бүртгэлтэй "Монголын алтан аялал" ХХК нь Улаанбаатар хотын хэмжээнд нийт 8 байршилд газар эзэмшиж байх бөгөөд үүний 7 нь тусгай хамгаалалттай газар нутаг байна. Нарийвчилбал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаалаар Богдхан уулын Дархан цаазат газрын Зайсангийн ам, Нүхтийн ам, Залаатын аманд "Аялал жуулчлалын зориулалтаар" хэмээн долоон байршилд газар авчээ. 

Бид өмнө нь Богдхан уулын "Залаатын ам"-нд МАК-ын эзэн Б.Нямтайширын гэр бүлийнхэн хэдийнэ төвхнөж, тансаг орд харшаа гадаадын иргэдээр бариулаад эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. Тэгвэл тухайн газрыг хэн гэж албан тушаалтан хэзээ олгов гэдгийг нээлттэй мэдээллээс шүүж үзлээ. Богдхан уулын "Залаатын ам"-ны дээрх газрыг 2010 оны аравдугаар сарын 22-ны өдөр тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх олгосон байна. Мөн тэрбээр "Монголын алтан аялал" ХХК-д дээрх газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгож байжээ.