Авлигын хэрэгт холбогдсон “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан И.Батнасан тус бүсэд 70 аж ахуйн нэгжид газар олгосон бол А.Энхзул 16 байгууллагад газар өгчээ

Авлигын хэрэгт холбогдсон “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан И.Батнасан тус бүсэд 70 аж ахуйн нэгжид газар олгосон бол А.Энхзул 16 байгууллагад газар өгчээ

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд С.Наранцогт өнгөрсөн оны зургадугаар сард "Чөлөөт бүсийг хөгжүүлэхийн тулд газар олголт хийсэн. Гэтэл газар авчхаад огт ажил эхлүүлээгүй, тухайн үед ямар ажил явуулах нь ч тодорхойгүй байж байгаад газар авчихсан компаниуд дийлэнх нь байна. Эдгээрийг нарийвчлан авч үзээд арга хэмжээ авах болно" гэдгээ мэдэгдэж байв.

Тэгвэл бид чөлөөт бүсэд ямар, ямар аж ахуйн нэгж газар авав гэдэг мэдээллийг сөхөж үзлээ. Өдгөө авлигын хэрэгт холбогдоод байгаа “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан И.Батнасан 2016-2020 онд нийт 70 аж ахуйн нэгжид газар олгосон байна.

Тухайлбал,

  • Гантулга трейд чөлөөт бүс-151800 м2
  • Глобал гров чөлөөт бүс-61700м2
  • Чанг шэн олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс-40000м2
  • Агь чөлөөт бүс-39200м2
  • Тр эксим чөлөөт бүс-35000м2 зэргээр газар олгосон байна. 

Тэрбээр ийнхүү газар олгож байхдаа “Алтайн ундарга шанд чөлөөт бүс” ХХК-ийн газрын байршлыг өөрчилж, захирал Н.Саруулаас нь 2019 оны аравдугаар сард таван сая төгрөгийн хахууль авсан. Ингэхдээ нярав Я.Хүрэлчулууны хувийн дансыг ашигласан нь шалгалтаар тогтоогдсон байдаг юм. Өдгөө эл хэрэг шүүхийн шатанд яваа. “Замын-Үүд” чөлөөт бүсийн захирагч асан И.Батнасан нь тухайн компанид 4 га газрыг худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтаар олгож байжээ. 

Харин өдгөө УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын даргаар томилогдоод буй А.Энхзул 2021-2022 онд 16 аж ахуйн нэгж, компанид газар олгожээ. 

  • Ди Эйч Эл глобал форвардинг монгол-50000м2
  • Пологоулд-12000м2
  • Марта мед чөлөөт бүс-10000м2
  • Бат хангайн зүүн сүлжээ-10000м2
  • Арвин ачит-10000м2 гэх мэтээр газар олгосон байна.