Өсвөр насныхны дунд явуулсан судалгаагаар тэдний 10 хувь нь Монгол Улсын ирээдүйд итгэлтэй, 54 хувь нь итгэлгүй байна

Өсвөр насныхны дунд явуулсан судалгаагаар тэдний 10 хувь нь Монгол Улсын ирээдүйд итгэлтэй, 54 хувь нь итгэлгүй байна

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоог тодорхойлох зорилгоор “Зориг сан” ТББ-аас 20 дахь удаагаа хэрэгжүүлж буй “Залуу манлайлал хөтөлбөр”-ийн оролцогчид судалгаа явуулжээ.

Судалгаанд Улаанбаатар хотын Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн төрийн өмчийн болон хувийн нийт 40 ЕБС-ийн 1,146 сурагчдыг хамруулжээ.

Уг судалгаагаар 15-18 насны залуучуудын  улс төрийн оролцоо, сонирхол болон улс төрийн мэдээлэл, мэдлэг авч байгаа эх сурвалж, сонгуулийг юу гэж боддог болон улс орны ирээдүйд итгэх байдал зэрэг хэд хэдэн асуудлыг тодруулжээ.

Судалгаанаас гарсан зарим үр дүнг танилцуулж байна. Судалгааг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ харна уу.

Судалгааны үр дүнг гаргахдаа 2021 онд “Конрад Аденауэр” Сангийн дэмжлэгтэйгээр “Нийгэм улс төрийн боловсрол” НҮТББ-ын гүйцэтгэсэн 17-26 насны залуучуудаас авсан “Z үеийн залуучуудын улс төрийн оролцоо” судалгааны үр дүнтэй харьцуулжээ.

Үр дүнгээс харахад 15-18 насны хүүхэд залуус улс тарийн сонирхол муу, оролцоо сул байна. Мөн тэд улс төрийн суурь мэдлэгийг ихэнхдээ гэр бүлийн гишүүдээс авдаг байна.

Улс төрийн талаар хэн нэгэнтэй ярилцаж, санал солилцдог, эсэхийг асуухад судалгаанд оролцсон сурагчдын 15% нь “огт үгүй” гэсэн бол 85% нь “тийм” гэж хариулжээ. Өөрөөр хэлбэл, тэдний 85% нь ямар нэгэн байдлаар улс төрийн талаар яриа өрнүүлж, санал солилцдог байна. Хэнтэй, ямар түвшинд улс төрийн талаар ярилцаж, санал солилцож байгааг лавлавал, гэр бүлийнхэнтэйгээ, тэр дундаа эцэг, эх, өвөө, эмээтэйгээ энэ сэдвээр илүү ярилцдаг байна. Харин 55% нь багш, 68% нь бусадтай улс төрийн талаар “огт” ярилцаж, санал солилцдоггүй гэжээ. 

15-18 насны сурагчдын сонгуулийн талаарх ойлголт бусад насны бүлгийн залуучуудаас илүү сөрөг байна. Тодруулбал, 15-18 насныхан сонгуулийг “мөнгөтэй хүмүүсийн өрсөлдөөн”, “сонгогчдыг төөрөгдүүлж, хууран мэхлэх байдлаар төрд гарах арга”, “бохир аргаар төрд шургалах оролдлого” гэж хариулсан байна.

Мөн тэдний 10% нь л Монгол Улсын ирээдүйд итгэлтэй, 54% нь итгэлгүй байна гэж хариулжээ.

Хэдийгээр 15-18 насны сурагчдын хувьд улс төрийн идэвх, оролцоо сул, улсын ирээдүйд итгэх итгэл гутранги байгаа ч улс төрийн талаар илүү мэдлэгтэй, оролцоотой байх сонирхол өндөр байна. Судалгаанд оролцогчдын 63% нь “улс төрийн талаарх мэдлэгээ тэлэх, сургалт авах сонирхолтой” гэжээ. Мөн тэдний 91% нь нийгмийг эерэг өөрчлөлт авчрах сайн дурын ажилд оролцохыг хүссэн байна.

Т.Бямбажаргал