ВИДЕО: Төгсөх ангийн сурагчид эх орныхоо ирээдүйд итгэх итгэлгүй, илүү сайхан ирээдүйг харийн орноос хайж байна

ВИДЕО: Төгсөх ангийн сурагчид эх орныхоо ирээдүйд итгэх итгэлгүй, илүү сайхан ирээдүйг харийн орноос хайж байна

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчид харийн орныг мөрөөдөж, илүү сайхан ирээдүйг эх орноосоо бус харийн орноос хайх болсон байна. 

ВИДЕО: 

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 15-18 насны сурагчдын улс төрийн ойлголт, оролцоо мөн эх орныхоо ирээдүйд хэр итгэдэг болохыг тодорхойлох зорилгоор “Зориг сан” ТББ-аас нийт 40 Ерөнхий Боловсролын Сургуулийн 1,146 сурагчийг хамруулсан судалгаа явуулжээ.

Судалгааны үр дүнгээс харахад 15-18 насны сурагчдын ихэнх нь эх орныхоо ирээдүйд итгэх итгэлгүй, гутранги байна.

Тухайлбал, "Монгол улсын ирээдүйд хэр итгэлтэй байна гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 54 хувь нь итгэлгүй, 36 хувь нь дунд зэргийн итгэлтэй гэж хариулсан бол 10-хан хувь нь л итгэлтэй байна гэж хариулжээ. Харин "Хэрэв танд Монгол улсад тулгамдаж буй аль нэг асуудлыг шийдвэрлэх боломж гарвал алийг нь хамгийн эхэнд шийдвэрлэх вэ?" гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 27 хувь нь авлигыг бууруулах, мөн 27 хувь нь боловсролын системийг шинэчлэх гэж хариулжээ.

Энэхүү судалгаанаас нийгмийн стресс бухимдал, улс төрийн маргаан шүүмжлэл дагуулсан олон асуудлууд ЕБС-ийн сурагчдад хэрхэн нөлөөлж буйг харж болох юм. Монгол залуус харийн оронд хар ажил хийх мөрөөдөлтэй, харин ахлах ангийн сурагчид нь гадаадад сурах чин хүсэл эрмэлзэлтэй. Зөв буруу гэдгийг уншигч та шийдэх хэдий ч нэг л мэдэхэд эх орон минь эзгүйрсэн байх вий гэсэн эмзэглэл тээн төгсөх ангийн сурагчдаас энэхүү асуулгыг авсан юм. Тэднээс сургуулиа төгсөөд хаана сурч боловсрон, хэрхэн ажиллаж амьдрах хүсэл сонирхолтой байгаа талаар болон нийгмээс тэдэнд ирж буй эерэг болон сөрөг хандлага, нөлөөллийн талаар голчлон асуулаа.

Бидний асуулга авсан хүүхдүүд дунд эх орондоо бакалаврын боловсрол эзэмших хүсэлтэй гэж хариулсан ганц ч хүүхэд байсангүй. Бүгд л гадаад явна, тэндээ сурна, ажиллана, амьдарна, эс бөгөөс хэсэг хугацаанд ажиллаж амьдарсны дараа эх орондоо ирнэ, аль эсвэл гадаадад насаараа амьдарна гэсэн олон хариулт хөвөрч байлаа. Ямартай ч төгсөх ангийн сурагчид хүсэл зориг дүүрэн харь оронд тэмүүлж, хичээж зүтгэж байна. Бид тэднийг гадаад улсад чанартай боловсрол эзэмших гэсэн хүслийг шүүх гэсэнгүй. Гагцхүү тэдний хүсэл зоригийг сонсож өнөөгийн хүүхдүүдийн үзэл бодол, мөрөөдөл, тэдэнд тулгамдаж буй асуудал юу байгаа вэ гэдгийг нийгэмд бага ч атугай таниулахыг зорьсон юм.

Сурагчдын гадаадад ажиллаж амьдрахыг хүсэж буй бас нэг шалтгаан нь нийгмийн асуудал. Настай хүмүүсийн "залуу хүн байж", "жаахан юм байж ингэж болохгүй" гэсэн бодол тэднийг төмөр цоожтой авдарт хоригдож буй мэт, хөмөрсөн тогоондоо үүрд үлдсэн мэт санагддаг гэнэ. Өсвөр насныханд нийгмээс ирж буй дарамт шахалт, хэцүү санагддаг зүйлсийг тухайлан асуухад нийтийн тээвэр болон автобусны буудалд өндөр настай хүмүүс зүй бусаар харьцах, эдийн засгийн инфляцтай холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсөж буй, ЭЕШ-ын босго онооны жагсаалт, эцэг эхийн хүлээлт зэрэг маш олон дарамт шахалт ирдэг ч "илүү сайхан ирээдүй намайг хүлээж байгаа" гэсэн ганц итгэл найдвараар өнөөдрөөс илүү маргаашийг, өнгөрснөөс илүү ирээдүйг харж, мөрөөдөж амьдарч байна гэлээ.

"Залуу хүн юм чинь ,хүүхэд юм чинь ингэх л ёстой, ийм л байх ёстой" гэсэн бодлоо түр хойш тавиад тэднийг нэг сонсож, ойлгох гээд үзээрэй. Магадгүй эх орны тань ирээдүй хойч үе танаас, надаас, бид бүхнээс болоод эх орноосоо дайжиж, харийн орныг эргэлт буцалтгүйгээр сонгон одох вий.

Т.Бямбажаргал