БАРИМТ: Х.Баттулга, А.Сүхбат нарын ах, дүү нар ХААДС-д зургаан тэрбум төгрөгийн өртэй ч ТӨЛӨӨГҮЙ байна

БАРИМТ: Х.Баттулга, А.Сүхбат нарын ах, дүү нар ХААДС-д зургаан тэрбум төгрөгийн өртэй ч ТӨЛӨӨГҮЙ байна

Засгийн газраас хэрэгжүүлж буй “5Ш” ажиллагааны хүрээнд 25 тусгай сангийн 14 сангийнх нь мэдээллийг ил болгож shilen.gov.mn сайтад байршуулаад байна.

-ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ САН 207 ТЭРБУМЫН ЗЭЭЛ ОЛГОСОН Ч 80 ГАРУЙ ХУВЬ БУЮУ 169 ТЭРБУМ НЬ ЭРГЭН ТӨЛӨГДӨӨГҮЙ БАЙНА -

Засгийн газрын тусгай сангуудаас Боловсролын зээлийн сангийн мэдээлэл хамгийн ихээр олны анхаарлыг татаж, дургүйцлийг хүргэсэн. Учир нь тус сангийн нийт зээлдэгчдийн 90 гаруй хувь нь МАН-ын улстөрчид болон албан тушаалтнуудын хүүхэд байсан юм. Ерөөс улстөрчдийн гар дүрээгүй, зээл аваагүй сан үлдээгүй нь өнгөрсөн өдрүүдийн үйл явдал харуулж байна. Тиймээс бүх сангийн мэдээллийг ил тод болгох, эрх бүхий албан тушаалтнуудаас шударга ёсыг шаардах, мэдээлэлд ойр байдлаа ашиглан бусдын боломжийг хулгайлсан хүмүүст хариуцлага тооцох цаашлаад тус сангийн зээлийг олгохдоо шалгуурыг шударга явуулахыг шаардсан иргэдийн шаардлага үргэлжилсээр байна. Тэгвэл isee.mn сайт энэ удаа Хөдөө аж ахуйг дэмжих сан /ХААДС/-гаас зээл авсан ч эргүүлэн төлөөгүй тус санд өртэй улстөрчдийн мэдээллийг цувралаар хүргэх гэж байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 1697 аж, ахуй нэгж, 2496 иргэн, 91 төрийн бус байгууллага, 184 төрийн байгууллага нийт 207 тэрбум төгрөгийн зээл авснаас өнөөдрийн байдлаар 80 гаруй хувь буюу 169 тэрбум нь төлөгдөөгүй байна.  

Тус мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГА, УИХ-ЫН ГИШҮҮН АСАН А.СҮХБАТ, ЗГХЭГ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН НАРЫН АХ, ДҮҮ НАР НИЙЛЭЭД ХААДС-Д 6 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БАЙНА-

Эдгээрээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын холбоотой аж, ахуй нэгж компаниуд ХААДС-аас зээл аваад өнөөдрийг хүртэл өр төлбөрөө төлөөгүй тухай мэдээллийг бид эхэнд онцолж байна.

Тухайлбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын төрсөн ах Х.Баттуулын хүү Б.Оргилбат нь “Милл хаус” ХХК-иараа 2022 онд 4.9 тэрбумын зээлийг авчээ. Тэрбээр тус зээлийг 2022 ондоо багтаан төлөхөөр гэрээ байгуулсан ч өнөөдрийн байдлаар 3.9 тэрбум төгрөгийг нь төлөөгүй байна. Түүнд олгосон энэхүү мөнгө нь улсын төсвийнх.

Мөн Ерөнхийлөгч  асан Х.Баттулгын эхнэр Ц.Энхтуяагийн хамаарал бүхий этгээд З.Жавхлан нь “Нью ариг ус” ХХК-даа 2015 онд 729 сая төгрөгийн зээлийг ХААДС-аас авсан байна. Тэрбээр зээлээ 2020 онд төлж дуусгах ёстой ч одоо 533 сая төгрөгийг төлөөгүй учир өртэй ангилалд оржээ.

Цаашлаад, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн дүү А.Баттөгсийн 50 хувийг нь эзэмшдэг “Батдэлгэр трейд” ХХК-даа 2017 нийт 814 сая төгрөгийг Хөдөө аж, ахуйг дэмжих сан болон Хөгжлийн банкны “Ди Би Эм Лизинг” ХХК-иас авчээ. Тэд 2022 онд зээлээ бүрэн төлөөд дууссан байх ёстой ч 800  орчим сая төгрөгийг төлөөгүй байна.

Мөн А.Сүхбатын хүү С.Хангайн 100 хувь эзэмшдэг “Алтан хүнс групп” ХХК нь мөн 2016 онд тус сангаас 54 сая төгрөг зээлсэн ч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа аж. Угтаа бол тус зээлийг 2021 онд төлж барагдуулах ёстой байжээ.

Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн төрсөн дүү Дашзэвэгийн Амгаланбаатар нь “Тайшир-Өргөө” ХХК-иараа Хөдөө аж, ахуйг дэмжих сан /ХААДС/-гаас 786 сая төгрөгийн зээл авсан байна.

Баримт үргэлжилнэ...