Н.Учрал: ICT Expo нь уул уурхайн хамаарал бүхий эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх зорилготой

Н.Учрал: ICT Expo нь уул уурхайн хамаарал бүхий эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх зорилготой

Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбарын “ICT Expo-2023” энэ жил “Mnidgolia” буюу “Мэдлэгт суурилсан эдийн засаг” уриан дор зургаадугаар сарын 9-11 хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж буй. Энэ хүрээнд "ICT Forum Mindgolia 2023"  арга хэмжээг зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол улс дахь цахим шилжилтийн ололт амжилт, ахиц дэвшлийг сурталчлан таниулж, бататгах юм.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

Төрийн ямар нэгэн дэмжлэггүйгээр олон улсын түвшинд хүрч чадсан ганц салбар бол мэдээлэл технологийн салбар юм.

ICT Expo-ийн гол уриалга бол уул уурхайтай хамаарал бүхий эдийн засгийг төрөлжүүлж, олборлолтыг оюун санаа руу чиглүүлэх үндсэн чиглэлтэй.

Mind to Mind буюу олборлолтоос оюун санаа руу чиглэх, шинжлэх ухаан технологид суурилсан ирэх арван жилийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахад хэд хэдэн үндэслэл бий. Алсын хараа 2050 урт хугацааны бодлогын хүрээнд мэдээлэл технологийн судалгаа шинжилгээг хөгжүүлж, мэдлэгт суурилсан инновацийн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлнэ. Шинэ сэргэлтийн бодлогод шинжлэх ухаанд суурилсан шинэ зах зээлд хиймэл оюун ухааны олборлолтыг нэмэгдүүлж, цахим эдийн засгийн аж үйлдвэржилтийг хөгжүүлэх, дунд хугацааны эрх зүйн бодлогыг Монгол улсын ерөнхий сайдын захирамжаар технологид суурилсан ирэх арван жилийн төлөвлөгөөг боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй шинэ сэргэлтийг танилцуулах болно. Цахим шилжилтийг эрчимжүүлэн ажиллах олон ажлуудыг хийх бөгөөд эхлүүлэхийн тулд эко системийг хөгжүүлэх нь нэн чухал байна.

2020 оны аравдугаар сард E-Mongolia 1.0 хэрэглээнд нэвтэрч, төрийн 187 үйлчилгээг авах боломж бүрдсэн бол өнгөрсөн тавдугаар сард нээлтээ хийсэн E-Mongolia 3.0 хэрэглээнд нэвтэрснээр 80 гаруй байгууллагын 1072 төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болжээ.

E-Mongolia систем өдгөө 1.6 сая хэрэглэгчтэй болж, 28 сая удаагийн үйлчилгээг иргэдэд үзүүлсэн байна.

Ийнхүү Цахим шилжилтийг эрчимжүүлж, хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, төсөл, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлснээр манай улс НҮБ-аас эрхлэн гаргадаг Цахим засаглалын хөгжлийн индексээр 2022 онд 193 орноос 74 дүгээрт орж, 18 байраар урагшилсан байна.