АНУ-ын цэрэг Т.Кинг гэгч нь “Цэрэггүй бүс”-ээр дамжин Хойд Солонгосын хилийн шугамыг давсан хэрэг гарчээ

АНУ-ын цэрэг Т.Кинг гэгч нь “Цэрэггүй бүс”-ээр дамжин Хойд Солонгосын хилийн шугамыг давсан хэрэг гарчээ

АНУ-ын армийн цэрэг Т.Кинг гэгч нь өчигдөр /2023.07.18/ Хойд Солонгосын хилийн шугамыг давж, тус улс руу нэвтэрсэн байна. Т.Кинг ямар зорилгоор Хойд Солонгосыг хилийн шугамыг давсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

АНУ-ын цэргийн албан тушаалтнууд “Т.Кинг нь Хойд ба Өмнөд солонгосыг тусгаарладаг 240 км-ын урттай “Цэрэггүй бүс”-ээр дамжин энгийн иргэний дүрээр “санаатайгаар, зөвшөөрөлгүй” Хойд Солонгос руу нэвтэрсэн гэж мэдэгдсэн байна. Харин АНУ-ын армийн хэвлэлийн төлөөлөгч хурандаа И.Тейлор “Т.Кинг одоо БНАСАУ-д хоригдож байгаа бөгөөд манай хамтрагчид энэ хэргийг шийдвэрлэхээр ажиллаж байгаа гэдэгт итгэж байна" гэж мэдэгджээ.

Т.Кинг нь 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын армид элссэн бөгөөд Өмнөд Солонгост сэлгэн ажиллаж байх үедээ сахилгын шийтгэл хүлээж, цагдан хорих байранд 50 хоног хоригдсон байна. Ингээд тэрээр саяхан суллагдсан бөгөөд түүнийг АНУ руу буцаахаар нисэх онгоцны буудалд албаныхан хүргэсэн байна. Гэтэл тэрээр нисэх онгоцны буудлаас гарч, дараа нь “цэрэггүй бүс”-ийг үзэхээр яваад, ийнхүү Хойд Солонгосын хилийн шугамыг давсан байна. Өдгөө Т.Кингийг 1982 оноос хойш Хойд Солонгост нэвтэрсэн АНУ-ын анхны цэрэг гэж үзэж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN