Амстердам хот бохирдлыг бууруулахын тулд жуулчдын усан онгоцыг хотын төвд зогсоохгүй

Амстердам хот бохирдлыг бууруулахын тулд жуулчдын усан онгоцыг хотын төвд зогсоохгүй

Нидерландын нийслэл Амстердам хотын зөвлөл жуулчдын тоог хязгаарлаж, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулахын тулд хотын төв руу аяллын хөлөг онгоц орохыг хоригложээ.

Улстөрчид аяллын хөлөг онгоцууд хотын тогтвортой хөгжлийн зорилтод саад болж байна гэж мэдэгдсэн байна. “AFP” агентлагийн мэдээлснээр, эрх баригч социол демократ намтай хамтран хотыг удирдаж байгаа барууны төвч үзэл баримтлалтай “D66” нам "манай хотыг бохирдуулж буй аяллын хөлөг онгоцууд хотын тогтвортой хөгжлийн зорилттой нийцэхгүй байна" гэж мэдэгджээ.

Аялал жуулчлалын хөлөг онгоцуудын зорчдог зам нь сүүлийн үеийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн нэг болох Амстердам хотын түүхэн өмнөд дүүрэг болон Ноорд дүүргийн хооронд шинэ гүүр барих төлөвлөгөөтэй нийцэхгүй байна гэж намын мэдэгдэлд дурдсан байна.

Аяллын хөлөг онгоцонд хориг тавьснаар, Амстердамын галт тэрэгний төв буудлын ойролцоох Иж голын аяллын хөлөг онгоцны төв терминал хаагдана гэсэн үг юм.

Энэ нь Амстердамд нийтийн аялал жуулчлалыг хязгаарлах сүүлчийн арга хэмжээ юм. Хотын зөвлөл тавдугаар сараас эхлэн “улаан дэнлүүний” гудамжинд каннабис тамхи татахыг хориглосон байна. Мөн гуравдугаар сард Британийн залуусыг Амстердамд ирж “гоонь эрчүүдийн” үдэшлэг хийхээ болихыг уриалсан цахим аяныг эхлүүлжээ.

Аяллын хөлөг онгоцууд Амстердамын аялал жуулчлалын хэт их ачааллын гол шалтгаан болж, хөлөг онгоцны терминалыг хотын төвөөс нүүлгэх саналыг олонх нь дэмжсэн байна.

Амстердам хот нь жил бүр 20 сая жуулчдыг татдаг бөгөөд зарим жуулчны дунд “үдэшлэгийн хот” гэдгээрээ алдартай.


Эх сурвалж: Montsame