Иракт агаарын температур 47 хэмд хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Иракт агаарын температур 47 хэмд хүрч, цахилгаан станцад гал гарчээ

Иракт хэт халалт бож байгаа бөгөөд нутгийн өмнөд хэсгийн Басра хотын цахилгаан станцад гал гарснаар тус хэсгийн өмнөд болон төв хэсгийн өргөн газар нутагт цахилгаан тасарсан байна.

Тодруулбал, Басра хотын “Аль-Бкир” дэд станцад санамсаргүй ослоор гарсан түймрийн улмаас өмнөд болон төвийн бүсийг холбосон цахилгаан дамжуулах шугамуудыг салгаж, тус бүсийн цахилгааны системийг бүрэн унтраасан гэж Иракийн Цахилгаан эрчим хүчний яам мэдэгдсэн юм.

Дэлхий даяар үргэлжилж буй хэт халууны давалгаанаас үүдэн түлшний хомсдол, цахилгаан эрчим хүчний эрэлт нэмэгдэж байгаа бөгөөд Иракт өчигдөр буюу долдугаар сарын 29-ний өдөр агаарын температур Цельсийн 47 хэмд хүрчээ.

Цахилгаан тасарсан нь бусад үйлчилгээнд доголдол үүсгэсэн бөгөөд Багдад хотод ундны усны хангамж тасалдсан байна. Хотын захиргаа иргэдэд үзүүлэх нөлөөллийг багасгахын тулд генератор ашиглан усны насос ажиллуулахыг оролдож байна гэжээ.