Европын холбооны стандартыг бүрэн хангасан, импортыг орлох “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэр нээлтээ хийлээ

Европын холбооны стандартыг бүрэн хангасан, импортыг орлох “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэр нээлтээ хийлээ

"АПУ" ХК нь орон нутагт европын холбооны стандартыг бүрэн хангасан, байгаль орчинд ээлтэй, импортыг орлох “Монгол Бяслаг, Сархад”-ын үйлдвэрийг өчигдөр /2023.08.11/ ашиглалтанд орууллаа.

Ингэснээр дуураймал бяслагийн импортын хамаарлыг бууруулж, органик бяслагаар дотоодын зах зээлийн 30 хувийг хангахаар зорьж байгаа аж. Мөн орон нутагт 30 гаруй шинэ ажлын байр, эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгож, Голланд, Швейцарь, Англи зэрэг улсын бяслаг үйлдвэрлэх технологиос Монгол үнээний сүүнд тохируулан Монголд бяслаг үйлдвэрлэх технологийг нутагшуулахаар зорьжээ.

Энэхүү бяслагийн үйлдвэр нь чеддар, эдам, гауда зэрэг 3 төрлийн бяслагийг үйлдвэрлэхээс гадна цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тос, Монгол үндэстний шимийн сархад “Шигүдэри” брэндийг үйлдвэрлэн дэлхийн зах зээлд танилцуулж, экспортын бүтээгдэхүүний нэр төрлөө тэлэхээр ажиллах гэнэ.