ВИДЕО: Монгол судлаачдын дэгдээхэй байхад нь бөгжилсөн "Өвөгт тогоруу" дөрвөн жилийн дараа төрсөн нутагтаа эргэн иржээ

ВИДЕО: Монгол судлаачдын дэгдээхэй байхад нь бөгжилсөн "Өвөгт тогоруу" дөрвөн жилийн дараа төрсөн нутагтаа эргэн иржээ

Өнгөрсөн долдугаар сарын 31-ны өдөр /2023.07.31/ Чух шувуу судлалын сууринаас дөрвөн жилийн өмнө тус бүсэд өндөглөсөн өвөгт тогоруу үүрэндээ ирсэн талаар сонирхолтой мэдээллийг нийтэлсэн.

Тодруулбал, Чух нуурын орчимд үүрлэж өндөглөдөг Өвөгт тогорууны хосын 2019 оны дэгдээхэй энэ жил буюу 2023 онд Чух нуурын орчимд буюу өөрийн төрсөн нутагтаа иржээ. Дэгдээхэй байхад нь бөгжилсөн ногоон бөгж дээрээ 155 дугаартай энэ тогоруу энэ жил дөрвөн нас хүрч байгаа аж. Иймд энэ талаар Монголын шувуу хамгаалах төвийн шувуу судлаач Э.Баасансүрэнтэй ярилцлаа.

ВИДЕО: 

Түүний хувьд 2018 оноос тогоруу шувуу болон тархац нутгийг нь судлан ажиллаж буй юм. Ингэхдээ Монгол орны зүүн бүсийн томоохон гол мөрөн түүний ойр орчмын нууруудыг хамарч үржлийн болон нүүдлийн судалгааг хийж байна.

Тэрбээр тогоруу судлал түүн дундаа өвөгт тогорууны талаар онцлон дурдахдаа, Монгол оронд найман зүйлийн тогоруу бүртгэгдсэн. Үүнээс өвөгт тогорууны хувьд биеийн хэмжээгээр хамгийн жижиг, харьцангуй түгээмэл  тархацтай шувуу. Амьдрах орчны хувьд тал хээр, ой хээрийн бүсээр тархсан. Гол онцлох шинж нь бие нь ерөнхийдөө хөх саарал зүстэй. нүдний араас хүзүү рүү орсон цагаан туг буюу өвөгтэй учир өвөгт тогоруу гэж нэрлэсэн.

Өвөгт тогоруу нь тавдугаар сард Монголд нүүж ирдэг. Улмаар өндөглөж намар наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр олноороо цугларч Хималайн нурууг давж 4000-7000 км зам туулж Энэтхэгийн баруун өмнөд нутагт очиж өвөлждөг.

Зургийн эх сурвалж: Монголын Шувуу Хамгаалах Төв

Энэхүү судалгааг хийж буй Монголын шувуу хамгаалах төв нь 2017 оноос эхлэн Бээжингийн ойн сургууль болон зүүн бүсийн тусгай хамгаалалттай газрын "Дорнод хамгаалалтын захиргаа"-тай хамтран цэн, цагаан, хар, хахираа, өвөгт тогоруу гээд таван зүйл тогорууны нүүдэл, үржлийн судалгааг хийж гүйцэтгэж байгаа аж. Улмаар 2017 оноос хойш одоог хүртэл нийт 30-аад өвөгт тогоруунд сансрын дамжуулагч зүүж, 70 гаруй бодгалийг бөгжилсөн байна. 

Хамгийн сонирхолтой нь судалгааны явцад буюу 2019 оны долдугаар сарын 24-нд Дорнод аймгийн Дашбалбар сумын Чух нуур орчмоос дэгдээхэй барьж бөгжлөөд, сансрын дамжуулагч зүүсэн өвөгт тогорууны дэгдээхэй 2023 оны долдугаар сарын 29-нд төрсөн газраа дахин ажиглагджээ. 

-Шувуу төрсөн нутагтаа эргэн ирсэн гэдэг нь ихээхэн сонирхол татаж байна. Өвөгт тогорууны зан чанарын онцлог нь юу вэ. Судалгааны явцад хэрхэн ажиглагдав.

-Өвөгт тогоруу нь харьцангуй сонирхолтой зан чанартай. Тухайлбал, хүн болон нохой зэрэг өөр амьтан ойртох үед дэгдээхэйнүүдээсээ аюулыг холдуулахын тулд өөрсдөө анхаарал татдаг. Ингэхдээ гэмтсэн юм шиг жүжиглэж  далавчаа чирэх, доголох гэх мэт үйлдэл хийдэг.

-Анх бөгжлөхдөө бусад дэгдээхэйг нь хамт бөгжилж байсан уу. Гэр бүлээс нь өөр тогоруу хамт ирсэн үү?

-Өвөгт тогоруу нэгээс хоёр өндөг гаргадаг. Тухайн үед биднийг барихаар очиход эцэг эх нь хоёр дэгдээхэйтэй байсан. Бид нэг дэгдээхэйг нь 155 гэсэн дугаараар бөгжилсөн. Харин нөгөө дэгдээхэйд нь 156 гэсэн бөгж зүүсэн.

Зургийн эх сурвалж: Монголын Шувуу Хамгаалах Төв

-156 дугаартай дэгдээхэй нь хамт ирээгүй юу?

-156 дугаартай дэгдээхэй ирээгүй. Гэхдээ бид  дамжуулагчаар хаана явааг нь мэдэх боломжтой.

Тогорууны хувьд өөрийн гэсэн эзэмшил нутагтай байдаг. Жишээлбэл үржлийн хосууд жил бүр ирж үүрлэдэг газартай гэсэн үг. Тэгэхээр дэгдээхэй том болоод үржлийн тааламжтай газрыг хайж олоод тухайн газраа жил болгон үүрлэнэ гэсэн үг. Харин бидний судалгаагаар төдийлөн нас бие гүйцээгүй тогоруу төрсөн нутагтаа дахин ирж байгааг сансрын дамжуулагчаар ирлүүлсэн. Дамжуулагчтай 155 дугаарын бөгжтэй өвөгт тогорууны хувьд энэ жил дөрвөн нас хүрч байгаа. Хараахан нас биед хүрээгүй ч гэсэн үг. Тогорууны хувьд 3-5 наснаасаа эхэлж үржилд ордог. 155 дугаартай өвөгт тогоруу маань үржилд орох болоогүй. Түүнийг ирэх жилээс үржилд орж эхлэх байх гэж үзэж байгаа.

Зургийн эх сурвалж: Монголын Шувуу Хамгаалах Төв

-155 дугаарын бөгжтэй өвөгт тогоруунд анх бөгж зүүхэд хэд хоногтой гэж үзсэн бэ?

-Бид долдугаар сард бөгжилж байсан. Тэгэхдээ ойролцоогоор сар гарантай дэгдээхэй гэж үзсэн.

Зургийн эх сурвалж: Монголын Шувуу Хамгаалах Төв

-Монгол орны шувуу судлалын хувьд төрсөн нутагтаа эргэн ирсэн шувуу байдаг уу?

-Өвөгт тогоруунаас гадна бидний судалгаа хийж дамжуулагч зүүсэн хахираа тогоруунд мөн эзэмшил нутагтаа эргэн ирдэг зан төлөв дамжуулагчийн мэдээллээр шүүж үзэхэд ажиглагдсан. Жишээлбэл, бид Чух нуураас  2018 онд дэгдээхэй байхад нь барьсан хархираа тогорууны дэгдээхэй дөрвөн насандаа Чух нууран дээрээ ирж, хоёр хоног байршсан байсан. Мөн Цэн тогорууны хувьд эл тохиолдол ажиглагдаж байна.

Өвөгт тогорууны хувьд ургамлын үндэс, навчаар хооллодог. Энэ нь ургамлын үрийг дахин өөр газарт тараах, ургамлын тархцыг нэмэгдүүлэх экологийн ач холбогдолтой амьтан.

Харин өвөгт тогоруун судалгааны хувьд Монгол болон бусад орнуудад амжилттай судлагдаж тухайн зүйл шувууны нүүдэл, үржлийн талаар шинжлэх ухааны өгүүллэгүүд хэвлэгдсэн байдаг.  

ФОТО: Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Шувуу Хамгаалах төв