С.Бямбацогт: Зам тээвэр болон нисэхийн салбарын ирээдүйн боловсон хүчинг бэлтгэхээр оюутнуудыг тэтгэлгээр гадаадад сургаж байна /ВИДЕО/

С.Бямбацогт: Зам тээвэр болон нисэхийн салбарын ирээдүйн боловсон хүчинг бэлтгэхээр оюутнуудыг тэтгэлгээр гадаадад сургаж байна /ВИДЕО/

Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр /2023.08.17/ мэдээлэл өглөө.

ВИДЕО:

Тэрбээр "Зам, тээврийн салбарт 50 мянга орчим хүн ажилладаг. Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбар өргөжих хэрээр боловсон хүчний дутагдалд орох төлөвтэй байна. Ялангуяа төмөр замын болон иргэний нисэхийн салбарт. Тиймээс ирээдүйн залуучуудаа бэлтгэх бодлогыг боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад сургаж байна.

Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодод 3,000 гаруй, гадаадад 400 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа.

БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 60 оюутан элсүүлэх байснаас 42 нь тэнцэж суралцах батламжаа өнөөдөр гардаж авах гэж байна. Эдгээр оюутан авто тээвэр, авто зам, агаарын тээвэр төмөр замын чиглэлээр үнэ төлбөргүй суралцана. Амжилттай суралцаж ирээд Монголын төмөр зам зэрэг байгууллага болон МИАТ компанид ажиллах боломжтой.

Мөн Москвагийн Авто замын дээд сургууль, Төмөр замын их сургуульд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа. Цаашид Герман, БНСУ, Катар, АНУ-д зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэнэ.

Герман улсад мөн МСҮТ-д нэг жилд 50 гаруй оюутан зам, тээврийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж, ажиллаж, төгсөж байна.

ОХУ, БНХАУ-ыг холбосон ганцхан төмөр замтай байсан, одоо гурван төмөр замтай болох бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа тул энэ хэмжээгээр боловсон хүчин шаардлагатай.

Агаарын тээврийн салбар 35 улсын 105 чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болсон.

Орон нутгийн хувьд есөн аймаг руу нислэг үйлддэг боллоо. Иймээс зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг тоог нэмэх туйлын шаардлага тулгарч байна" гэлээ.