Тайландын нийслэл Бангкок хотод олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас айл өрх, замууд үерт автаж, 4900 орчим хүнийг түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлжээ.
Бангкокийн захиргааны мэдээлснээр, үерт нийт 52 мянга орчим өрх өртсөн байна. Мөн пүрэв гарагаас ням гараг хүртэл хотын зарим хэсэгт 330 миллиметрээс дээш хэмжээний бороо оржээ. Бангкокийн захирагч Чадчарт Ситтипунт хотын хэд хэдэн зам усанд автсан хэвээр байгааг мэдээлж, иргэдийг шаардлагагүй зорчихоос зайлсхийхийг анхааруулсан байна. Тэрбээр бямба гарагт Кеха Ромклао дүүргийн нэгэн сургуулийн түр хоргодох байранд очихдоо ойролцоогоор 1000 хүнийг нүүлгэн шилжүүлсэн талаар мэдээлжээ. Үерийн улмаас иргэд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ нөөцлөхөөр дэлгүүрүүдийг олноор зорьсон байна. Үүний улмаас зарим дэлгүүрийн лангуу хоосорчээ. Ерөнхий сайдын ажлын албанаас иргэдийг сандран их хэмжээгээр худалдан авалт хийхгүй байхыг уриалж, бараа бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэх нь эрүүгийн гэмт хэрэг болохыг анхааруулсан байна. Тайландад есдүгээр сар нь борооны улирлын оргил үе боловч энэ жилийн үер өмнөх жилүүдийнхээс хүнд байгааг оршин суугчид хэлжээ.