"Дүнжингаравын газны дэлбэрэлт"-ийн хэрэгт жолооч Ч.Ренцэндорж ганцаараа шүүгдэнэ

"Дүнжингаравын газны дэлбэрэлт"-ийн хэрэгт жолооч Ч.Ренцэндорж ганцаараа шүүгдэнэ

"Дашваанжил "-ын захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, жолооч Ч.Ренцэндоржийн хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвийн дөрвөн замын уулзварын орчимд одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан автомашин суудлын машинтай мөргөлдсөн ослын улмаас дэлбэрэлт болж, олон хүн эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирсон. Улмаар тухайн хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүх шилжүүлсэн байдаг. Гэсэн ч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр болсон юм.

Гэсэн нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав таалал төгссөн тул түүний хэргийг хэрэгсэхгүй болгож, харин "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренцэндоржид Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 / Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.

Тэгвэл тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 25-ны өдөр болохоор товлогдсон гэдгийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс мэдээллээ.

Тус хэргийг шүүх хурал олон оролцогчтой тул Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд байрлах "Жанжин клуб"-ын байранд хуралдахаар болсон байна. 

Эргэн сануулахад, Дүнжингаравын ослын улмаас Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.