Хиймэл оюун ухаанаар "2024 оны УИХ-ын сонгуульд нөлөөлж болзошгүй" байгааг анхааруулжээ

Хиймэл оюун ухаанаар "2024 оны УИХ-ын сонгуульд нөлөөлж болзошгүй" байгааг анхааруулжээ

Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор "Хиймэл оюун ухаан" нь 2024 оны сонгуульд нөлөөлж болзошгүйг анхааруулж, мэдээлэл гаргажээ. 

Тус мэдээлэлд, Сонгууль бүрээр нэр дэвшигчдтэй холбоотой элдэв бичлэг цацагдаж, энэ нь сонгуулийн дүнд нөлөөлөх явдал нэлээдгүй гардаг. Тэгвэл ирэх оны сонгуулиар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдах зорилготойгоор улс төрчдийн үйл ажиллагаатай холбоотой хиймэл оюун ухаанаар хийгдсэн хуурамч бичлэгүүд нийгмийн сүлжээгээр олонтаа түгэх магадлалтай байна гэжээ.

-ХЯТАДЫН ХАКЕРУУД МОНГОЛ УЛСЫН ГХЯ-НЫ НЭРИЙГ АШИГЛАН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД РУУ МЭЙЛ ИЛГЭЭСЭН БАЙЖ БОЛЗОШГҮЙ БАЙНА-

Мөн гадаад орнуудаас манай улс руу чиглэсэн хиймэл оюун ухаанд сууриласан нөлөөллийн үйл ажиллагаа ч идэвхжиж болзошгүй гэдгийг Монгол Улсын Аюулгүй байдал судлалын хүрээлэнгээс анхааруулжээ. Тодруулбал, манай төрийн байгууллагууд болон иргэдийн дата өгөгдлийг нийгмийн сүлжээний хэрэгслүүдээр дамжуулан цуглуулах, тэдгээрт тулгуурлан үндэсний аюулгүй байдалтай холбоотой мэдээ, мэдээллийг олж авах эрсдэлтэй байгаа аж.

Учир нь  сүүлийн жилүүдэд, манай төрийн байгууллагууд хакерын халдлагад өртөх нь нэмэгджээ. Тухайлбал, 2020 онд хятадын хакерууд Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэрийг ашиглан Ковид-19 вирусын талаарх худал мэдээллийг RTF буюу Rich text format өргөтгөлтэй Монгол хэл дээрх файлыг хавсарган төрийн хэд хэдэн байгууллагын майл хаяг руу илгээжээ.

Эдгээр RTF файлууд нь хятадын хакеруудын дунд өргөн ашиглагддаг Royalroad долдугаар үеийн халдлагын хэрэгслийг өөртөө агуулсан байна. Энэхүү хэрэгслийг ажиллуулснаар хакерууд дэлгэц дээр дүрслэгдсэн мэдээллийн зургийг хуулах, файлуудын байршил болон жагсаалтын мэдээллийг авах, файл хавтас үүсгэх болон устгах, файлуудыг зөөх болон устгах, файлыг татаж авах, шинээр програмын процессыг ажиллуулах, тухайн компьютерт ажиллаж буй сервисүүдийн жагсаалтыг авах зэрэг үйлдлүүдийг хийх эрхийг гартаа оруулж авах боломжтой болжээ. Харин хиймэл оюун ашиглах тохиолдолд дата өгөгдлийг олзворлох ажиллагаа нь өргөн цар хүрээг хамарч, үндэсний аюулгүй байдалд учруулах аюул занал нь улам бүр нэмэгдэх магадлалтай байгаа юм байна.

Тиймээс олон улсын хэмжээнд улс орнууд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж буй сайн туршлагад тулгуурлан, өөрийн орны хууль, эрх зүйн зохицуулалтыг бий болгохын зэрэгцээ гадаад орнуудын тагнуулын довтолгоог сөрөн зогсох чадвараа сайжруулахад анхаарах, үндэсний мэргэжилтнүүдээ бэлтгэх нь чухал гэж үзжээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Эх сурвалж: niss.gov.mn

А.Булганчимэг