Унгар Улсад сэргээн засварласан Хүннүгийн үеийн төмөр тогоог хүлээн авах ёслол боллоо

Унгар Улсад сэргээн засварласан Хүннүгийн үеийн төмөр тогоог хүлээн авах ёслол боллоо

Бүгд найрамдах Унгар Улсад сэргээн засварласан хүннүгийн төмөр тогоог хүлээн авах ёслол шинжлэх ухааны академийн хурлын танхимд боллоо.

Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэн нь Унгар улсын Унгар судлалын хүрээлэнтэй хамтран 2022 онд Нийслэл хотын нутаг дэвсгэр Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалт газарт археологийн малтлага судалгааг гүйцэтгэжээ. Тус  судалгааны үр дүнд илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүнийг сэргээн засварлах, нарийвчлан судлах ажил хийгдэж, эхний үр дүнгүүд гарч байна.

Археологийн малтлага судалгааны явцад том хэмжээтэй төмрөөр хийсэн тогоо илэрч олдсон бөгөөд Хүннүгийн үеийн хүрэл тогоонуудтай хэлбэрийн хувьд төстэй боловч төмрөөр хийснээрээ онцлог юм. Төмөр тогоо нь илэрч олдохдоо зэвэрч муудсан, хадгалалтын байдал их эмзэг байсан тул Унгар улсын Унгар судлалын хүрээлэнд илгээж сэргээн засварлалтын ажлыг хийлгэсэн байна.

Нэг жилийн хугацаанд сэргээн засварлалтын ажил явагдаж 2023 оны 09 сарын 21 ны өдөр ШУА-ийн Археологийн хүрээлэнд буцаан хүлээлгэж өгөх үйл ажиллагаа ШУА-ийн хурлийн танхимд боллоо. Төмөр тогоог хүлээлгэж өгөх арга хэмжээнд ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Унгар улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Борбала Анна Обущански, Монгол улсын Гадаад харилцааны яамны Гадаад харилцаа, соёлын харилцааны газрын дарга Б.Булган, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар оролцсон бөгөөд хүндэт зочдод Археологийн хүрээлэнгийн судалгааны бүтээлийн дээжийг дурсгалаа.

Ар Гүнтийн Хүннүгийн оршуулгын цогцолбор дурсгалаас илэрсэн энэхүү төмөр тогоо нь одоогоор археологийн дурсгалаас илэрч олдсон хамгийн том хэмжээтэй төмөр сав суулгын нэг болох бөгөөд Хүннү гүрний төмөрлөг боловсруулалтын технологийн түвшин, үйлдвэрлэх хөгжил зэрэг Хүннүгийн соёлын талаар олон мэдээлэл өгөх чухал олдвор болно.