Ч.Ганхуяг болон түүний дүүд зодуулсан ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙ: Би долоон шүдээ цохиулж, нүдээ таг болтлоо зодуулсан /БАРИМТ/

Ч.Ганхуяг болон түүний дүүд зодуулсан ХОХИРОГЧ ЭМЭГТЭЙ: Би долоон шүдээ цохиулж, нүдээ таг болтлоо зодуулсан /БАРИМТ/

"Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягийг хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Харин энэхүү мэдээллийн дараа Ч.Ганхуяг нь өөрийн цахим сүлжээгээрээ дамжуулан "Согтуу залуучуудад зодуулсан. Тэд намайг мөнгө гэж хараад асуудал үүсгэсэн. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч өөртэй нь хаалтын гэрээ хийхийн тулд энэхүү мэдээллийг олон нийтэд мэдээлж байна. Жинхэнэ хохирогч би” гэх агуулгатай зүйл ярьж, хэргийн талаар мэдээлсэн. Тэгвэл бид Ч.Ганхуяг нарт зодуулж, гэмтсэн хохирогч эмэгтэйтэй бид ярилцлаа. Тэрбээр энэ асуудлыг олон нийтэд дэлгэх бодол байгаагүй. Гэтэл Ч.Ганхуяг өөрийг нь “архичин, мөнгөний төлөө зодоон үүсгэж, мөнгө авахын тулд энэ бүх үйлдлийг хийж байна” хэмээн худал мэдээллийг олон нийтэд цацаж, нэр төрд нь халдаж, доромжилж байгаа учраас бидний ярилцлага авах хүсэлтийг зөвшөөрсөн гэдгээ тодотгосон юм. 

НАМАЙГ ШИЛЭЭР ЦОХИСОН ЗАЛУУ “САНАМСАРГҮЙ ЦОХИСОН” ГЭЖ ХЭЛСЭН

-"Ард"-ын гэх тодотголтой Ч.Ганхуягт холбогдох хэрэг прокурорт шилжсэн талаарх мэдээлэл ил болж, тухайн хүн лайваар мэдээлэл хийж, энэ асуудал олны анхаарлыг татаад байна. Чухам хэрэг гардаг өдөр юу болсон талаар та бидэнд мэдээлэл өгөөч?

-2022 оны арванхоёрдугаар сарын 3-4-нд шилжих шөнө уг хэрэг, үйл явдал болсон. Тус өдрийн шөнийн 12 цаг өнгөрч байхад бид “Хүүхдийн 100”-д байрлах нэр бүхий бааранд орсон. Бид нарыг 20, 30-уулаа явж байсан мэтээр Ч.Ганхуяг ярьсан байна лээ. Бодит байдал дээр 5-6 эрэгтэй, гурван эмэгтэй л байсан. Шөнийн 01.00 цаг өнгөрч байхад найз охиноо таксинд суулгаж өгөөд буцаж орж ирээд баарны коридорт утсаа оролдоод явж байтал нэг хүн намайг гэнэт хананд шахсан.

Цочоод хартал хоёр залуу зодолдож байсан. Зодолдож буй хоёр залуугийн нэг нь хамт явж байсан найз маань байсан. Би найзыгаа зодооноос салгах гэж оролдоод “Боль. Хоёулаа гаръя” зэргээр хэлсэн ч намайг тоогоогүй. Тэгээд би буцаж баар руу орж ширээн дээр сууж байсан найзууддаа зодооны талаар дуулгасан. Найзуудаа дагуулаад очтол манай найз газарт хэвтчихсэн дэвсүүлж байсан. Тухайн үед манай нөхөр бүжгийн талбайд байсан учраас ширээн дээр сууж байсан найзуудтай хамт ирээгүй юм. Үргэлжлүүлээд ярихад удалгүй зодооныг салгасан. Би зодуулсан найзыгаа дагуулж  авч гарах гээд явж байтал нүдний шилтэй танихгүй залуу  миний толгой руу цохиж “Чи хэн юм бэ. Юу юм бэ” зэргээр дайраад байсан. Би “Чи болиоч ээ” гээд цээжин хэсэг рүү нь түлхсэн. Гэтэл нүд ирмэх зуурт л гартаа барьж явсан шилтэй Хужирт усны саваараа миний ам руу савсан. Цохиулснаас хойших хэсэг хугацааны ой санамж одоо ч надад байдаггүй. Тэгээд би 10 минут орчмын дараа ухаан орж “Саяны залуу намайг цохиж, миний шүд хугарсан юм байна” гэдгээ мэдэж, нөхрийгөө дуудсан. Тухайн үед би цус, нөжтэйгөө холилдсон байсан. Манай нөхөр “Хэн тэгсэн юм. Яагаад ингэж байгаа юм” орилсон. Тэр үед би эргээд хартал намайг цохисон залуу зогсож байсан. Манай нөхөр тэр даруй нөгөө залуу руу гүйгээд очтол хамгаалагч нар бариад авсан.

-Уучлаарай яриаг нь тасалдуулсанд. Таныг цохисон хүн нь хэн байсан юм бэ. Одоо олны анхаарал татаад байгаа Ч.Ганхуяг байсан юм уу. Яагаад танд гар хүрсэн юм бол?

-Үгүй ээ. Тэр хүн бол Ч.Ганхуягийн хүргэн нь байсан юм билээ. Би тухайн үед хэн гэдгийг нь мэдээгүй. Харин хэрэг болсноос хойш мэдсэн. Би тэр хүнийг огт танихгүй. Тухайн өдөр, тэр газар ч тааралдаагүй. Гэтэл ямар ч шалтгаангүй, гэнэт өөдөөс алхаж ирээд намайг цохичихсон. Үүнийг харсан гурван амьд гэрч байгаа. Тэднийг цагдаагийн газраас дуудаж хөндлөнгийн мэдүүлэг авсан байна лээ.

-Тэгэхээр Ч.Ганхуяг гэдэг хүн яагаад энэ хэрэгт нэр холбогдсон юм бол?

-Манай нөхөр намайг зодсон хүн рүү очтол хамгаалагч нар бариад авсан гэж хэлсэн дээ. Тэр үед Ч.Ганхуяг гэдэг хүн гарч ирээд манай нөхрийн дагз руу нь цохиод байсан. Тухайн үед би нэг гараараа цус нь гоожиж байгаа амаа дараад, нөгөө гараараа Ч.Ганхуягийн цагаан өнгийн сорочкон цамцнаас нь зуураад татсан. Чадлынхаа хэрээр зууралдсан. Гэтэл Ч.Ганхуяг миний зүүн нүдийг тэс цохиж унагасан. Тэр үед миний нүүрэнд оч манарсан тул би хэсэг нүүрээ дарж сууж байгаад босож ирээд Ч.Ганхуяг руу дайрсан. Гартаа барьж явсан усныхаа савыг шидсэн, уурласан. Харин Ч.Ганхуяг биднийг маш ихээр үг хэлээр доромжилсон. Мэдээж нөхрөө зодуулаад зогсохгүй, нүдээ бүлт цохиулсан хүн зүгээр инээгээд явахгүй шүү дээ. Би тухайн өдөр тод өнгийн цамц өмссөн байсан. Тиймээс ч энэ үйл явдал камерын бичлэгт тод үлдсэн байна лээ.

Хохирогч эмэгтэйн шүд, нүд ийнхүү гэмтэл авчээ

-Зодоон болж байх үед та бүхнийг хүмүүс залгаагүй юм уу. Цагдаа хэзээ ирсэн юм бэ?

-Хамгаалагч нар нь зодооныг салгаж, биднийг нэг давхарт аваачсан. Тэр үед цагдаа орж ирээд анх шилээр цохисон залуу болон намайг аваад явсан. Цагдаагийн газарт очоод бодит байдлыг мэдүүлсэн.

-Мэдээж шүүх эмнэлэгт үзүүлсэн байх. Танд ямар гэмтэл учирсан бэ. Үүнийг хэн, хэн учруулсан гэдэг нь тодорхой болсон байх?

-Хэрэг болдог өдөр би шүүх эмнэлэгт үзүүлэхээр тухайн эмнэлэгт очтол хаалга нь хаалттай, үүдэнд нь гар утасны дугаар байсан. Тэр дугаар руу залгаад үзүүлэх учиртайгаа хэлэхэд “Чи юу яриад байгаа юм шөнө дөлөөр. Маргааш өглөө ир” гээд буцаасан. Дараа нь сонсож байхад уг нь тухайн эмнэлэг 24 цагаар үйлчлэх ёстой юм билээ. Гэтэл би тэр өдрөө үзүүлж чадаагүй.

Ч.Ганхуягийн хүргэн дүү намайг шилтэй усаар цохисоноос болоод миний уруул гурван газарт язарсан. Хэрэг болсон өдөр цагдаагийн газраас гараад шөнийн 05.00 цагт Гэмтлийн эмнэлэгт очиж гурван хэсэг газарт оёдол тавиулсан. Мөн гурван шүд шууд хугарч, хоёр шүдний паалангийн хагас хугарсан. Нэг шүд арын ёзоороороо хугарсан. Хамгийн аймар нь эрүүний ясыг барьж байдаг гол үүрэгтэй шүд маань ямар ч эмчилгээ авах боломжгүй болж, бүр мөсөн авхуулсан. Энэ гэмтэл хүндэвтэр гэж гарсан. Харин Ч.Ганхуяг гэдэг хүн миний нүдийг юм харахгүй болтол цохисон. Үүнээс болж нүд хөхөрч, хөмсөгний дээд яс гэмтэж, хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Нэг үгээр хэлбэл, надад гэмтэл учруулсан хоёр хүнд хэрэг үүссэн байгаа гэсэн үг.

-Долоон шүд гэмтсэн гэмтэл нь эхний дүгнэлтээр хөнгөн гэж гарсан гэж байсан. Энэ талаар тодруулаач?

-Эхлээд долоон шүд гэмтсэн байхад гэмтлийн зэрэг нь хөнгөн гэж гарсан. Харин Солонгос руу очиж эмчилгээ, үйлчилгээ аваад эмчийнхээ дүгнэлтийг үзүүлж, нэмэлт дүгнэлт гаргуулах хүсэлтээ тавьсан. Энэ дагуу дахин дүгнэлт гарч, хүндэвтэр болох нь тогтоогдсон.

-Солонгост эмчилгээ хийлгэсэн гэлээ. Үүнийг тодруулаач?

-Тийм ээ. Тухайн үйл явдал болсны дараа уруул сэтэрч, үүдэн шүднүүд гэмтсэн байсан болохоор юм идэж болохгүй, соруулаар зутан ууж, хооллож байсан. Тэр үед би 14 хоногийн дотор 39 кг болтлоо турж, яс арьс болсон. Мөн миний нэг шүд хөхөрч, буйл үрэвсэж эхэлсэн. Тиймээс он дөнгөж гараад Солонгос руу явж, эрүүл мэндийн байгууллагад тухайн өдрөө үзүүлэхэд үрэвсэл ихтэй, эрүүний яс чинь гэмтэж, хугарсан байна гээд шууд нэг шүдийг минь авсан. Мөн гэмтэж хугарсан шүдэндээ эмчилгээ хийлсэн.

-Таныг шилээр цохисон хүн хэргээ хүлээсэн байгаа юу. Бүх зүйл камерын бичлэгтэй гэдэг зүйл яригдаж байсан?

-Намайг цохисон залуу шилээр нүүр рүү минь цохисноо хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн байна лээ. Арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нөхөр бид хоёр өмгөөлөгчийн хамтаар тухайн залуутай уулзсан. Тэгэхэд “Санамсаргүй цохисон. Би болчимгүй үйлдлээсээ болоод эмэгтэй хүн гэмтээсэн. Уучлаарай” гээд манай нөхрөөс уучлалт гуйсан байсан. Тухайн уулзалт эхлээд явж байхад нь би орж ирсэн учраас уучлалт гуйхад нь байгаагүй. Энэ уулзалтын үеэр би өөрт нь “Би Монголд эмчлүүлэхгүй. Өөрийнхөө эрүүл мэндийг бодоод хамгийн сайн газарт очиж эмчилгээ хийлгэнэ. Одоогийн байдлаар надаас хэдэн сая төгрөг гарсан байна. Цаашид ийм, ийм юм эмчилгээ хийлгэнэ. Тэгэхээр би баримтаа бүрдүүлээд хохирлоо чамаас авна” гэж хэлсэн. Хэзээ ч санамсаргүйгээр хүнийг ингэж цохихгүй шүү дээ. Би 30 нас хүрээгүй байж үүдэн хоёр шүдгүй болчихлоо. Харин сүүлд надад “7 сая төгрөг өгөөд тохиролцъё” гэдэг зүйл хэлсэн. Би үүнийг зөвшөөрөөгүй. Би зүйл хуулийн дагуу явах ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн.

 -БИ Ч.ГАНХУЯГ ГЭДЭГ ХҮНЭЭС НЭГ Ч ТӨГРӨГ НЭХЭМЖЛЭЭГҮЙ-

-Та Ч.Ганхуяг гэдэг хүний таны талаар ярьсан лайв бичлэгийг үзсэн үү?

-Миний хувьд тэр хүний бичлэгийг бүтэн үзээгүй байсан. Манай найзууд “чиний тухай яриад байна” гээд хэлж, зурвас илгээсэн. Би тэр үед ч өөрийг нь элдэв тайлбар хийгээгүй байх гэж бодож, найдаж байсан. Гэтэл өнөөдөр өглөө /2023.09.26/ нөгөө бичлэг, лайвыг нь үзээд үнэхээр гомдлоо. Би асуудал хуулийн дагуу шийдэгдэнэ гэж найдаж байсан. Тиймээс өнөөдрийг хүртэл энэ хүний талаар нэг ч удаа цахим сүлжээнд мэдээлэл оруулж байгаагүй. Гэтэл хохирогч болсон намайг цахим сүлжээнд “архичин, өөрийг нь мөнгө гэж харж, олзуурхан дайрсан” гэх агуулгатай зүйл ярьсан байна лээ.

-Зодооны үеэр Ч.Ганхуягт гэмтэл учирсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт байгаа гэх зүйл ярьж байна лээ. Тэгэхээр түүнд ч гэсэн гэмтэл учирсан бололтой?

-Ч.Ганхуяг гэдэг хүн тухайн өдөр “Нөхөрт маань зодуулчихлаа” гэсэн агуулгаар гомдол гаргасан байсан. Би өмгөөлөгчтэйгөө цагдаагийн газар очоод тухайн үйл явдлын бүх бичлэгийг үзсэн. Манай нөхөр Ч.Ганхуяг гэх хүнд нэг ч удаа гар хүрээгүй гэдэг нь бичлэгээр нотлогдсон. Түүний яриад байгаа шүүхийн дүгнэлт нь баруун гарын үе хавдсан гэсэн дүгнэлт байх. Энэ дүгнэлтийг цагдаагийн газраас хохирогч миний биед гэмтэл учруулахдаа өөрөө өөртөө учруулсан гэмтсэн байна гээд түүний гомдлыг хүлээж авахгүй хаасан гэж байсан. Тэрийг л хэлж байгаа болов уу.

-Танай нөхөр Ч.Ганхуягт нэлээдгүй зодуулсан гэж байсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн болов уу?

-Тухайн үед миний нөхөр их зодуулсан. Тус газрын хамгаалагч нар нь зодоон салгаж байна гэх нэрийдлээр нөхрийг минь тас тэвэрчихсэн. Гэтэл ийм байхад нь Ч.Ганхуяг гэдэг хүн нүүр, цээж рүү нь цохисон. Энэ бүхнийг бичлэгээр бататган харсан. Нөхрийн минь толгой руу удаа дараа гараа атгаж байгаад цохисон. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Тиймээс ч манай нөхөр энэ асуудлыг орхисон. Тэр өдөр үнэхээр миний амьдралын хамгийн аймшигтай, хар дарсан зүүд шиг өдөр байсан.  

-Ч.Ганхуягийн ярьж байгаагаар тухайн үед та бүхнийг биеэ авч явах чадваргүй, согтсон байсан гэж ярьсан байсан. Энэ үнэн үү?

-Үнэндээ бид түүний хэлж байгаа шиг согтуу байгаагүй. Тэр ч байтугай тухайн бааранд ороод архи согтууруулах ундааны зүйл аваагүй байсан. Яагаад тэгж хэлээд байгааг нь мэдэхгүй байна.

-Ч.Ганхуягийн хийсэн лайв мэдээллээс үзэхэд та бүхнийг өөрөөс нь мөнгө авахын тулд, өөрийг нь мөнгө гэж хараад байна гэх агуулга ажиглагдаж байсан. Нууц биш бол таны хувьд Ч.Ганхуягаас хэдэн төгрөг нэхэмжилж, гомдол гаргасан байгаа вэ?

-Надад Ч.Ганхуяг гэдэг хүний 1000 төгрөг ч хэрэггүй. Би энэ хүмүүсээс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг аваагүй. Авах ч үгүй. Хэрэв тэр хүн миний шүдийг цөм цохисон байсан бол би мэдээж зохих журмын дагуу хохирлоо нэхэмжлэх байсан. Харин Ч.Ганхуяг гэдэг хүн миний нүдийг хөхтөл цохисон нь үнэн. Гэхдээ хөхөрсөн нүдэнд ямар ч эмчилгээ байхгүй хөхөрч, шарлаж байгаад эдгэсэн учраас би “Энэ хүнээс нэхэмжлэх мөнгө надад байхгүй” гэдгээ цагдаа болон өмгөөлөгч нартаа хэлсэн. Би тухайн хүнтэй нэг ч удаа холбогдоогүй.

-Тэрбээр согтуу эмэгтэйчүүдэд зодуулсан гомдолтой байгаа талаараа ярьсан байсан. Цагдаад ямар нэгэн гомдол гаргаж, танд давхар хэрэг үүсгэсэн асуудал байгаа болов уу?

-Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Манай нөхөр Ч.Ганхуяг гэдэг хүнийг зодсон гэдэг нь тогтоогдоогүй учраас над дээр гомдол гаргаад байдаг юм байна гэдгийг зургаадугаар сард очиж хэргийн материалтай танилцах үеэрээ мэдсэн. Гэхдээ цагдаагийн байгууллагаас Ч.Ганхуяг гэдэг хүн танд гомдол гаргасан, таныг яллагдагчаар татсан гэдэг зүйлийг хэлээгүй.

-Тэгэхээр та Ч.Ганхуяг гэдэг хүний хэлээд байгаачлан түүнийг зодож, цамцыг нь урсан зүйл байхгүй гэсэн үг үү?

-Тухайн хэрэг гардаг үед Ч.Ганхуяг гэдэг хүн миний нөхрийг зодсон. Би түүнийг нь салгаж, нөхрөө хамгаалахын тулд аль чадлаараа тэмцсэн. Гэхдээ над шиг ийм жижиг биетэй, эмэгтэй хүн яаж ч тэмцсэн тэр хүнийг цус нөжтэй нь холино гэж байхгүй шүү дээ. Би үүнд нь гайхаад л байна. Сүүлд зургаадугаар сард хэргийн материалтайгаа танилцахад “Италийн брэндийн хувцас минь урагдсан” гээд зургийг нь хавсарган хохирлыг барагдуулж өгнө үү” гээд надад гомдол гаргасан байсан. Надаас таван сая орчим төгрөг нэхэмжилсэн байсан. Энэ нь үнэхээр шүүхээр нотлогдвол би хариуцлагаа хүлээх болно. Гэхдээ ийм болтлоо зодож хохирсон надад гомдол гаргасан гэж огт төсөөлөөгүй.

-Ярицлага өгсөн танд баярлалаа.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө