АНУ-д газрын тосны танкер аяллын хөлөг онгоцтой мөргөлдөж, 32 хүн эмнэлэгт хүргэгджээ

АНУ-д газрын тосны танкер аяллын хөлөг онгоцтой мөргөлдөж, 32 хүн эмнэлэгт хүргэгджээ

АНУ-ын Луизиана мужийн Нью-Орлеан хотын ойролцоох Миссисипи мөрөнд баасан гараг /2026.11.13/-т газрын тосны танкер аяллын хөлөг онгоцтой мөргөлдөж, улмаар зорчигч тээврийн хөлөг онгоц хажуу талаараа хөмөрч, усанд живжээ.

ВИДЕО: 

Тодруулбал, Atlantic Asphalt нэртэй танкер Миссисипи мөрөнд зогсоолд байсан American Heritage нэртэй таван давхар аяллын хөлөг онгоцыг мөргөсөн байна. Ослын үеэр тус хөлөгт 129 зорчигч болон багийн гишүүд зорчиж байжээ. Мөргөлдөөний улмаас аяллын хөлөг онгоц хажуу тийшээ хазайж, улмаар хөмрөн, усанд живж эхэлсэн байна. Зорчигчдын зарим нь усанд унасан бөгөөд ойролцоо байсан бусад хөлөг онгоц, аврах албаны ажилтнууд шуурхай ажиллагаа явуулж, хүмүүсийг аварчээ.

Нью-Орлеан хотын захирагч Хелена Мореногийн мэдээлснээр, ослын улмаас 32 хүн эмнэлэгт хүргэгдсэн ч тэдний хэн нь ч амь насанд аюултай хүнд гэмтэл аваагүй байна. Мөн танкерын багийн гишүүдээс хүн гэмтээгүй бөгөөд хоёр хөлөг онгоцонд байсан бүх хүнийг эсэн мэнд олж тогтоожээ.

АНУ-ын Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр, танкерын жолоодлогын системд доголдол гарч, удирдлага алдагдсан байж болзошгүй байгаа аж. Гэхдээ мөргөлдөөний шалтгааныг одоогоор эцэслэн тогтоогоогүй байгаа аж. Ослын дараа Миссисипи мөрний тухайн хэсгийн усан замын хөдөлгөөнийг түр хугацаанд хааж, АНУ-ын Эргийн хамгаалалтын алба болон холбогдох байгууллагууд мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. American Heritage хөлөг онгоцыг American Cruise Lines компани эзэмшиж, аялал жуулчлалын чиглэлээр ашигладаг бөгөөд 2015 онд бүтээсэн, 150 хүртэл зорчигч хүлээн авах хүчин чадалтай таван давхар хөлөг байжээ.

Эх сурвалж: CBS news