ТОДРУУЛГА: Хан-Уул дүүрэгт 220 граммын хийн баллон тэсэрч, нэг иргэн түлэгджээ

ТОДРУУЛГА: Хан-Уул дүүрэгт 220 граммын хийн баллон тэсэрч, нэг иргэн түлэгджээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн орон сууцны байрны 15 дугаар давхарт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 14-ний 17:02 цагт ахуйн хэрэглээний жижиг хийн баллон тэсэрчээ.

Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид хэргийн газарт очиход тухайн айлын ариун цэврийн өрөөнд 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний хийн баллон тэсэрсэн байжээ. Үүний улмаас дөрвөн цонх, хоёр тагтны цонх хагарсан байна. Гал түймэр гараагүй бөгөөд тухайн иргэн нүүр, гар хэсгээрээ түлэгдэж гэмтсэнийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Онцгой байдлын байгууллагаас иргэдийг ахуйн хэрэглээний хийн баллон, савлагааг зориулалтын дагуу ашиглаж, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөхийг анхаарууллаа. Мөн хийн баллоныг халуун, галын эх үүсвэр болон нарны шууд тусгалаас хол хадгалах, агааржуулалт сайтай орчинд ашиглах, хий алдагдаж байгаа эсэхийг тогтмол шалгахыг зөвлөж байна. Хэрэв хий үнэртсэн, алдагдсан тохиолдолд ил гал гаргахгүй, цахилгаан хэрэгсэл болон унтраалга ашиглахгүй байх шаардлагатай. Боломжтой бол хийн хаалтыг аюулгүйгээр хааж, хаалга, цонхыг нээн агааржуулаад, хүмүүсийг тухайн орчноос холдуулж, аюулгүй газраас 101 дугаарт дуудлага өгөхийг сэрэмжлүүлэв.