Б.Батцэрэн: ҮХЦ маргааныг хэрхэн шийдэхээс авлига албан тушаалын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эсэх нь шийдэгдэнэ /ВИДЕО/

Б.Батцэрэн: ҮХЦ маргааныг хэрхэн шийдэхээс авлига албан тушаалын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эсэх нь шийдэгдэнэ /ВИДЕО/

Нийт шүүгчдийн хоёрдугаар чуулган эдгээр өдрүүдэд болж байна. Энэ үеэр Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээс зарим нэгэн зүйлийг тодрууллаа.

ВИДЕО:

-Авлига албан тушаалын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанаас болж хэрэгсэхгүй болох, гэмт этгээдүүд ял завших явдал гардаг. Харин хуульд өөрчлөлт оруулснаар энэ боломж бүрэн хязгаарлагдсан гэж ойлгож болох уу?

-Энэ их чухал сэдэв. Хуульд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанаас  болоод нийгэмд маш их маргаан, эргэлзээтэй байдал дагуулсаар ирсэн. 2017 онд эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол тоолох зохицуулалт үйлчилж байсан. Авлига, албан тушаалын тодорхой шалтгаанаар удааширдаг. Иймэрхүү хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа таван жил байдаг. Шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таван жил өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх үр дүн үүсэж байсан. Иймд 2020 онд эрүүгийн хуульд өөрчлөлт оруулан, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэнээс эхлэн тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор өөрчлөлт оруулсан. Энэ цаг үеэс хойш хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх боломж хаагдсан гэж үзэж болно.

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой Дээд шүүхийн тайлбар Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгэсэн хянагдаж байгаа юм билээ? 

-Үндсэн хуулийн цэц хүртэл явсан маргааны шалтгаан нь яллагдагчид ашигтай хуульд хүчин төгөлдөр үйлдэгдэж байхад  хийсэн гэмт хэрэгт 2020 оноос өмнөх хуулийг ашиглах эсвэл хойших хуулийг ашиглах тухай хуулийн маргаан үүссээр ирсэн. Энэ асуудлаар Улсын дээд шүүх “буцаан хэрэглэхгүй, батлагдсан шинэ хуулийг дагаж мөрдөнө” гэж тайлбар гаргаснаар хууль зүйн маргаан эцэслэгдсэн” гэж ойлгож болно. 

-Хэрэв Үндсэн хуулийн цэц маргааныг нөгөө талд шийдчих юм бол авлига албан тушаалын гэмт хэрэг болон одоо шалгагдаж байгаа хэргүүд хөөн хэлэлцэх хугацаа гэдэг асуудлаар хаагдах юм биш биз дээ гэх хардлага байна?

-Үндсэн хуулийн цэц ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй. Гэхдээ хувийн байр сууриа хэлэхэд Улсын дээд шүүхийн тайлбар үндсэн хуулийн тайлбар Цэцийн маргааны шийдвэр биш гэж бодож байна. ҮХЦ маргааныг хэрхэн шийдэхээс авлига албан тушаалын хэрэг хөөн хэлэлцэх хугацаанд хамаарах эсэх нь шийдэгдэнэ. Ялагдагч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэдэг энэ зарчим бол хөөн хэлэлцэх хугацаанд боддог зарчим огт хамаагүй гэж бодож байна. Өөрөөр хэлбэл эрх зүйн байдалд оногдуулах ял шийтгэлийн хөнгөрүүлсэн, урд нь гэмт хэрэг гэж тооцдог байсан зүйлс одоо гэмт хэрэг гэж тооцогдохгүй болсон зүйлс их бий. Эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль гэдэг бол оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлсэн гэх мэт ашигтайгаар нь хэрэглэдэг энэ ойлголт багтана гэж бодож байна.

-Гурван шатны шүүхээр шийдэгдсэн хэрэг Дээд шүүх дээр хэрэгсэхгүй болж, цагаадаж байна гэх асуудал байдаг. Энэ нь иргэдийн шүүхэд итгэх итгэлгүй болгодог гэж хардаг хүн олон?

-Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгох ганц л зүйл бий. Тэр нь нэмэлт мэдээлэл гарч ирж, ахин хянагдах явдал юм. Одоогийн байдлаар өөр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг өөрчлөх арга байхгүй.

-Улсын Дээд шүүхийн нийт шүүгдчийн хуралдаанаар зарим нэгэн хэргийг хэлэлцэхээс татгалзах явдал цөөнгүй байдаг. Тиймээс ч иргэд ингэж татгалзаад байвал Дээд шүүх гэдэг байгууллага байх шаардлагатай юу гэж асуудлыг ч хөнддөг. Тэгвэл та татгалзлын тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Хяналтын шатны эрх хэмжээг тодорхой хуульчилсан, энэ асуудлаар үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Хууль тогтоогч Хяналтын шатны шүүхийн харьяалан шийдвэрлэх хэргийн шалгуурт өөрчлөлт оруулсан байгаа. Тэгэхээр эдгээр шалгуурыг хангасан хэргийг Улсын Дээд шүүх хянан шийдвэрлэнэ. Анхан болон давж заалдах шүүхүүд Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас зөрүүтэй хэрэглэж байгаа эсвэл хэрэг хянан шийдвэрлэх явцыг ноцтой зөрчсөн гэх зэргээс болж буцаагддаг. Мөн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход эрх зүйн ач холбогдол бүхий хэргийг харъяалан шийдвэрлэх эрхийг хуулиар олгосон. Улсын Дээд шүүхийн гол чиг үүрэг бол хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох юм.

А.Булганчимэг