Зайсангийн төмөр бетон гүүрийг шинэчлэх, өргөтгөх ажлын эхний хэсэг дуусаж, өнөөдөр /2023.09.29/ шинэ гүүр ашиглалтад орлоо.
Хуучин гүүрний баруун талд барьсан тус гүүрний зорчих хэсгийн өргөн долоон метр, явган замын өргөн хоёр метр, нийт 10 метр бөгөөд 225 метрийн урттай. Өрөмдмөл шон суурьтай, хүчитгэсэн дам нуруутай уг гүүрийг дотоодын “ЗМЗ” компани барьж, зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн юм. Шинэ гүүр ашиглалтад орсноор хоногт 35 мянган машин нэвтрүүлэх аж.
Хуучин гүүрний хувьд 1968 онд ашиглалтад орсон бөгөөд нэг ч удаа их засвар хийж байгаагүй. Өдгөө 55 дахь жилдээ ашиглаж байгаа уг гүүрийг 2012 онд авто замын салбарын Шинжлэх ухаан, техникийн зөвлөлийн хурлаар гүүрний элэгдэл, нуман тулгуурын даац муудсан зэргийг үзлэг шалгалтаар тогтоож, “Нурааж шинээр барих” дүгнэлтийг гаргаж байжээ. Сүүлийн 10 гаруй жил энэхүү хуучин гүүрийг нурааж, шинэчлэх өргөтгөх төсөв шийдэгдэхгүй явсаар ирснийг ийн шийдэж, шинэ гүүрийг ашиглалтад орууллаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.