ТОДРУУЛГА: ОХУ-аас өчигдрөөс шатахуун экспортолж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс түгээлт хэвийн болно гэв

ТОДРУУЛГА: ОХУ-аас өчигдрөөс шатахуун экспортолж эхэлсэн бөгөөд өнөөдрөөс түгээлт хэвийн болно гэв

ОХУ-ын Засгийн газар дотоодын зах зээлийг тэнцвэржүүлэх, дээд үзүүлэлтдээ хүрээд байгаа шатахууны үнийг бууруулах зорилгоор шатахуун, дизель түлшний  экспортыг түр хугацаагаар хязгаарлахаар шийдвэрлэснээ өнгөрсөн есдүгээр сарын 21-ний өдөр мэдэгдсэн.

Улмаар манай улс дахь зарим ШТС-уудад энгийн 92 тасарч, зарим нь түр хугацаагаар шатахуун түгээлтээ зогсоогоод байна гэх мэдээллийг иргэд хэлж байгаа. Тиймээс бид бодит байдлыг сурвалжлахаар Сүхбаатар дүүрэгт байрлах хэд хэдэн шатануун түгээх газруудаар ороход зарим газрууд нь "АИ 92 шатахуун тасарсан" хэмээн тууз татаж, түгээлтээ зогсоосон байдалтай байсан бол зарим нь 30 мянган төгрөгийн үнийн дүнд тааруулан шатахуунаа түгээж байсан юм. 

Иймд бид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас ОХУ-ын хоригтой холбогдуулан шатахууны хомсдол үүссэн эсэх болон хэзээнээс шатахууны экспорт хэвийн үргэлжлэх талаар тодруулахад, “Өчигдрөөс /2023.10.08/ ОХУ-аас шатахуун хэвийн оруулж ирж, экспортыг үргэлжлүүлж эхэлсэн. Өнөөдрөөс ШТС-уудад түгээж байна. ОХУ-ын хоригтой холбоотойгоор дотоодод шатахууны хомсдол үүсээгүй. Нөөц хангалттай байсан учир хоригийн өнгөрсөн 20 хоногийн хугацааг амжилттай давлаа. Зарим хувийн байгууллагууд түр хугацаагаар үйл ажиллагаагаа зогсоож, тодорхой хэмжээний лимит тогтоосон байж магадгүй. Ямартай ч экспорт хэвийн үргэлжилж эхэлсэн. Цаашид тасрахгүй байх гэж найдаж байна” гэлээ.