Монголбанкны газрын захирал Б.Баярдаваа нь ахынхаа "Начин заан" ломбард, "Илланай" ББСБ зэрэгт зөвшөөрөл өгч, шалгалт хийх эрх мэдлийг эдэлдэг байна

Монголбанкны газрын захирал Б.Баярдаваа нь ахынхаа "Начин заан" ломбард, "Илланай" ББСБ зэрэгт зөвшөөрөл өгч, шалгалт хийх эрх мэдлийг эдэлдэг байна

Монголбанкны газар, хэлтсийн зарим дарга банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг улмаар энэ салбарт аалзны тор мэт сүлжээ үүсгэсэн тухай мэдээллийг хэвлэлүүд мэдээлсээр удсан. Ёс зүйгүй, зарчимгүй байж мэдэх энэ асуудал өндрөө авч эцэст нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүртэл анхаарлаа хандуулж эхлээд буй.

Сануулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монголбанкны газрын дарга нарт хандаж хэлэхэд банк бус санхүүгийн байгууллагаа одоо боль” хэмээн чуулганы индэрээс сануулсан байдаг. Тэгэхээр Монголбанканд вант улс байгуулсан газрын дарга нарыг хууль хяналтын байгууллагаас удахгүй шалгаж тэдний үүсгэсэн сүлжээг дэлбэлэх ажиллагаа ч болж мэдэх юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор хувьдаа банк бус санхүүгийн байгууллагатай Монголбанкны хэд, хэдэн газрын дарга дор бүрнээ сандарч мөнгө хүүлдэг бизнесээ нууж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.

Тэгвэл iSee.mn мэдээллийн сайт дээрх дарга нарын нэг байж болзошгүй Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай холбоотой мэдээллийг хүргэж байна.

-Б.БАЯРДАВААГИЙН ХАМААТАН Ж.ТУЯА НЬ “НАЧИНЗААН”, “ИЛЛАНАЙ” ЗЭРЭГ БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУВЬЦААГ ГАНЦААРАА ЭЗЭМШДЭГ -

Б.Баярдаваа нь 2006-2009 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан А.Батсүхийн хүргэн. Харин А.Батсүхийн эхнэр Ж.Туяа нь “НАЧИНЗААН”, “ИЛЛАНАЙ” зэрэг банк бус санхүүгийн байгууллагын хувьцааг ганцаараа эзэмшихийн сацуу “ИЛЛАНАЙ” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа нь улсын бүртгэлийн мэдээлэлд байна.

Эх сурвалжийн хэлж буйгаар Б.Баярдаваа нь хадам ахынхаа гэр бүлийн энэхүү бизнест оролцоотой ч байж магадгүй аж. Оролцоогүй байсан ч тэрбээр эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий хүмүүсийнхээ бизнест давуу эрх олгодог уу гэх хардлага төрж байгаа юм.Учир нь тэрбээр Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирлаас гадна Санхүүгийн зохицуулах хорооны хараат бус гишүүнээр ажиллаж банк бус санхүүгийн байгууллагуудад зөвшөөрөл өгдөг эрх мэдэлтэй.

-Б.БАЯРДАВАА НЬ МОНГОЛБАНКНЫ МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ГАЗРЫН ЗАХИРЛААС ГАДНА САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ХАРААТ БУС ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАДАГ. ЭНЭ НЬ ББСБ-ИУДАД ЗӨВШӨӨРӨЛ ӨГДӨГ ЭРХ МЭДЭЛТЭЙ АЛБАН ТУШААЛ ЮМ-

Тодруулбал, санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, харилцагч, даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах, банкнаас бусад санхүүгийн зах зээл болон үл хөдлөх хөрөнгө зуучлалын байгууллагууд, үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд хяналт шалгалт хийх, бодлого зохицуулалтын орчныг бүрдүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллага юм.

Тэгэхээр Б.Баярдаваа нь банк бус санхүүгийн байгууллагад зөвшөөрөл өгдөг, мөн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавих чиг үүрэгтэй байгууллагын хараат бус гишүүнээр ажиллаж байгаа нь хамгийн их хардлага сэрдлэг дагуулж байна.

Холбоотой линк: http://www.frc.mn/#/member;id=5

Тэгэхээр хамаарал бүхий этгээд нь банк бус санхүүгийн байгууллага, ломбардтай тэр бизнест нь өөрөө ч оролцоотой байж мэдэх атлаа үйл ажиллагаанд нь зөвшөөрөл өгдөг Санхүүгийн зохицуулах хороонд эрх мэдэл эдэлдэг нь яаж ч харсан хардах өнцөг мөн юм. Монголбанкны хэд, хэдэн захирал хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа. Харин энэ шалгалтад Б.Баярдаваа захирал багтахгүй үлдэх үү гэсэн асуулт эндээс гарч байна. Монголбанкны Мөнгөний бодлогын газар нь мөнгөний бодлогыг тодорхойлж, гадаад валютын нөөцийг бүрдүүлэх замаар төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах үүрэг хүлээдэг. Тэгэхээр Б.Баярдаваа захирал нь нэг гараараа мөнгөний бодлого тодорхойлж нөгөө гараараа мөнгө хүүлдэг үү гэх хардлага эндээс төрж байна.