УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 17-нд Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системийг танилцуулж, өөрийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг 5 хувиас доошгүй байхаар тогтоох санал байршуулснаа мэдээлсэн юм.
Дээрх саналыг өчигдрийн байдлаар 24 цаг өнгөрөхөд нийт 40 гаруй мянган иргэн дэмжжээ. D-өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгөх боломжтой. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн та D-өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой.