Ц.Даваасүрэн: 40, 50 мянгатын орон сууцанд хий алдагдах, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй байна

Ц.Даваасүрэн: 40, 50 мянгатын орон сууцанд хий алдагдах, тэсэрч дэлбэрэх эрсдэлтэй байна

Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн өнөөдөр 40, 50 мянгатын орон сууцанд хийсэн шалгалтын дүнг сэтгүүлчдэд мэдээлэв. 

Тэрбээр "Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 40, 50 мянгатын нийт 64 барилгын ашиглалтад хяналт шалгалт явууллаа. Шалгалтаар маш ноцтой зөрчлүүд илэрсэн. Шалгалтаар орон сууцны барилгын нэгдүгээр давхрын өргөтгөлд 321 аж ахуй нэгж, албан байгууллага, 10 сууц өмчлөгчдийн холбоо хүчин төгөлдөр бус гэрчилгээтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сууц өмчлөгчдийн холбоод нь барилгын хувийн хэрэг хөтлөөгүй, барилгын ашиглалтын хугацаанд баримт бичгийн бүрдэл хангаагүй нь тогтоогдсон. Мөн батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцыг өргөтгөсөн ба өргөтгөлийн доор нэмж зоорийн давхар барьсан. Өрөө тусгаарлах 161 хамар ханыг буулгаж талбай болгосон байна. Ийм байдлаар орон сууцны бүтцийг өөрчилсөн аж.  

Түүнчлэн дулааны техникийн нөхцөл аваагүй, барилгын халаалтын анхны системийг өөрчилсөн, агааржуулалтын систем нь шаардлага хангадаггүй, аянга хамгааллын төхөөрөмж, газардуулга хийгдээгүй, өргөтгөлийн цахилгааны холболтын ажлыг чанар муутай гүйцэтгэсэн зэрэг зөрчил илэрсэн. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй 34 аж ахуй нэгж шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан, хийн алдагдал илрүүлэх багажгүй, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй, хийн тоног төхөөрөмжөө мэргэжлийн байгууллагаар угсруулаагүй байна. Энэхүү нөхцөл байдал нь тэдгээр орон сууцанд хий алдагдах, тэсэрч дэлбэрэх нөхцөлийг бүрдүүлж байна. 

Үүний зэрэгцээ эдгээр барилгын үндсэн хийц нь одоо мөрдөгдөж буй газар хөдлөлтийн норм дүрмийг хангаагүй, материалынх нь бат бөх чанар алдагдсан, инженерийн шугам сүлжээний засварын жишгийг хангахгүй болсон байна. Тиймээс нийслэлийн ЗДТГ, ОБЕГ, Сууц өмчлөгчдийн холбоодод хандаж албан тоот хүргүүлсэн" гэлээ.