Германы цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газарт албан айлчлал хийж байна

Германы цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газарт албан айлчлал хийж байна

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Бавари мужийн цагдаагийн байгууллагын төлөөлөгчид Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газарт аравдугаар сарын 23-наас эхлэн 4 хоногийн хугацаатай албан айлчлал хийж байна.

Айлчлалын хүрээнд 2023 оны аравдугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, Гадаад харилцаа, энхийг сахиулах ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Эрдэнэдалай, Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа В.Отгонбаяр нар ХБНГУ-ын Бавари мужийн цагдаагийн байгууллагын төлөөлөл, Ханнс Зайдел сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын цагдаагийн байгууллага хооронд хамтын ажиллагааг шинэ түвшинд хөгжүүлэх, цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чадавхыг нэмэгдүүлэх, ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын тэргүүн туршлага судлах зэрэг сэдвээр санал солилцжээ. Зочид, төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх газар, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төв, Экологийн цагдаагийн албаны үйл ажиллагаатай танилцах аж.