БАРИМТ: Хотын төвөөр нэг удаа зорчихдоо 27,500 төгрөг төлж, хуучин автомашин импортолбол 98 саяын татвар авдаг болох хуулийг Х.Нямбаатар боловсруулжээ

БАРИМТ: Хотын төвөөр нэг удаа зорчихдоо 27,500 төгрөг төлж, хуучин автомашин импортолбол 98 саяын татвар авдаг болох хуулийг Х.Нямбаатар боловсруулжээ

Хотын дарга Х.Нямбаатарын Засгийн газрын хуралдаанд танилцуулсан "Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл"-д иргэдийн газрыг хүчээр авч, эсэргүүцвэл өөрсдийнх нь байгуулсан зөвлөл шийдвэрлэдэг байх зэрэг хүний эрхийг ноцтой зөрчсөн заалтууд багтсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

-Х.НЯМБААТАРЫН ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ БАТАЛБАЛ ИРГЭД НЭГ УДАА НЭВТРЭХДЭЭ 27,500 ТӨГРӨГ ТӨЛДӨГ "ТӨЛБӨРТЭЙ БҮС"-ТЭЙ БОЛНО-

Тэгвэл уг хуулийн төсөлд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор "Замын хөдөлгөөний төлбөртэй бүс"-ийг байгуулах талаар дурдсан байна. Ингэхдээ Нийслэлийн Засаг дарга замын хөдөлгөөний төлбөртэй бүс, түүний хилийн зааг, цагийн хязгаарыг тогтоож, бүсэд мөрдөх журмыг батална гэжээ. Товчхондоо, автомашины түгжрэл хамгийн ихээр үүсдэг Улаанбаатар хотын төвийн хэсэг "төлбөртэй бүс" болох нь дамжиггүй юм. 

Харин Улаанбаатар хотын "төлбөртэй бүс"-д иргэд автомашинтайгаа нэг удаа нэвтрэхдээ 27,500 төгрөг төлөх аж. Харин тухайн бүсэд нэвтэрсэн төлбөрийг нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан төлөх ёстой бөгөөд хугацаандаа төлөөгүй тохиолдолд НӨАТ-ын урамшууллаас төлбөрийг нь суутгаж, төсөвт төвлөрүүлнэ гэдгийг хуулийн төсөлд тодорхой тусгасан байна. 

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл

Тодруулбал;

  • Хуулийн төслийн 6.4-д замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэг удаа нэвтрэх төлбөрийн хэмжээ 0-ээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хүртэл хувьтай тэнцэх мөнгөн дүн байна. 
  • 7.1-д Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хөтөлнө.
  • 7.3-д Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг нийслэлийн замын хөдөлгөөний удирдлага, зохион байгуулалтын асуудал хариуцсан байгууллага ногдуулж, тухайн сард ногдуулсан төлбөрийн мэдээллийг дараа сарын 10-ны дотор төлбөр төлөгчид цахимаар мэдэгдэж нэхэмжилнэ.
  • 7.4-д Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөр төлөгч нь замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд нэвтрэх төлбөрийг нэхэмжлэх үүссэнээс хойш ажлын 10 өдөрт багтаан холбогдох төсөвт төлнө.
  • 7.8-д Хугацаанд нь төлөөгүй замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.2-т заасан урамшууллаас суутгаж болно гэж тус тус заажээ. 

Харин замын хөдөлгөөний төлбөртэй бүсэд оршин суугч иргэний тээврийн хэрэгслийг Замын хөдөлгөөний төлбөртэй бүсийн төлбөрөөс 90 хувиар, зөвшөөрөлтэй такси үйлчилгээг 50 хувиар хөнгөлөх бол цагдаа, түргэн, онцгой байдлын автомашинуудыг тус төлбөрөөс бүрэн чөлөөлөх аж. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тээвэрлэх зориулалтаар зөвшөөрөл авсан асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн тээврийн хэрэгсэл, сургууль, цэцэрлэг, ажилчдын автобус, бүх төрлийн унадаг дугуй, мопед, мотоциклыг төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөр хуулийн төсөлд заасан байна. 

Товчхондоо, Хотын дарга Х.Нямбаатарын УИХ-д удахгүй өргөн мэдүүлэх хуулийн төсөл энэ хэвээр батлагдвал иргэд төлбөртэй буюу хотын төвөөр зорчихдоо төлбөр төлөх бөгөөд уг мөнгийг хугацаанд нь төлөөлөхгүй тохиолдолд НӨАТ-ын урамшууллаас нь суутгах, цаашлаад замын хөдөлгөөнд оролцуулахгүй болгох аж.  

-250 САЯ ТӨГРӨГӨӨС ДЭЭШ ҮНЭТЭЙ АВТОМАШИН ОРУУЛЖ ИРСЭН ИРГЭН ИЛҮҮ ГАРСАН ҮНЭДЭЭ 30 ХУВИЙН ТАТВАР ТӨЛНӨ ГЭЖ ХУУЛИЙН ТӨСӨЛДӨӨ ОРУУЛЖЭЭ -

Түүнчлэн түгжрэлийг бууруулахын тулд нийслэлд олгох тээврийн хэрэгслийн дугаарыг хязгаартай олгохоор хуулийн төсөлд заасан байна. Тодотговол, нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тооны дээд хязгаарыг нийслэлийн Засаг даргын саналыг үндэслэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлах бөгөөд тус хязгаарт багтаан тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарыг олгоно гэсэн байна. 

Мөн “Онцгой албан татварын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулж 250 сая төгрөгөөс дээш үнэтэй 10-аас ихгүй суудалтай автомашин импортолсон бол 250 сая төгрөгөөс илүү гарсан үнэд 30 хувийн онцгой албан татварыг нэмж ногдуулна гэж хуулийн төсөлд оруулжээ. 

Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төсөл

Улмаар суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас нь хамаарч онцгой албан татварыг нэмж ногдуулах талаар хуулийн төсөлдөө оруулжээ. Тухайлбал, 1500 ба түүнээс доош хөдөлгүүрийн багтаамжтай үйлдвэрээс гараад 10 ба түүнээс дээш жилийн насжилттай бол 15 сая төгрөг, 1501-2500 хөдөлгүүрийн багтаамжтай бол 17,550,000 төгрөг, 2501-3500 хөдөлгүүрийн багтаамжтай бол 20,025,000 төгрөг, 3501-4500 хөдөлгүүрийн багтаамжтай бол 26,250,000 төгрөг, 4501 ба түүнээс дээш бол 98,962,500 төгрөг, цахилгаан хөдөлгүүртэй бол 15 сая төгрөг тус бүр төлөхөөр хуулийн төсөлдөө тусгажээ.

Товчхондоо, хуулийн энэхүү төсөл батлагдвал үнэтэй болон хуучин автомашин монголд бараг орж ирэхгүй гэсэн үг. Цаашлаад автомашины албан татварын тухай хууль, агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль өөрчлөлт оруулж “жилд ногдуулах төлбөр”-ийн хэмжээг нэмэгдүүлэхээр хуулийн төсөлдөө оруулсан байна.