Арванхоёрдугаар сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-д дахин онцгой дэглэм тогтоож, Ж.Ганбатыг дахин БЭТ-өөр томилно

Арванхоёрдугаар сард "Эрдэнэс Тавантолгой" ХК-д дахин онцгой дэглэм тогтоож, Ж.Ганбатыг дахин БЭТ-өөр томилно

Засгийн газраас тогтоосон Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр орой /2023.10.27/ хуралдаж компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилов. Улмаар тус компанид сүүлийн 11 сарын хугацаанд бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан Ж.Ганбат өнөөдөр өглөө Х.Мөнхжаргалд тамгаа гардуулан өглөө. 

Харин захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон Х.Мөнхжаргалын хувьд яг нэг жилийн өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирлаар томилогдсон бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн найз аж. Түүнийг хууль хяналтын байгууллагад шалгагдаж буй Х.Нурлатын оронд томилсон юм.

Тэгвэл цаашид "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн удирдлагын түвшинд ямар процесс өрнөх вэ. Гүйцэтгэх захирал эсвэл бүрэн эрхт төлөөлөгчийг томилох уу гэдэг асуулт тулгарч буй. Эх сурвалжийн мэдээлж буйгаар нэг сарын дараа "Эрдэнэс Тавантолгой" ХК-д дахин онцгой дэглэм тогтоох аж. Ингээд дахин бүрэн эрхт төлөөлөгчийг томилох юм байна. Тэр төлөөлөгч Ж.Ганбат ч байх магадлалтай гэх мэдээлэл байна. 

Тэр хүртэл Х.Мөнхжаргал гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах нь. Хуульд онцгой дэглэм тогтоосон хугацаа дуусгавар болсноос хойш 30 хоногоос доошгүй хугацаанд дахин онцгой дэглэм тогтоох асуудлыг ярина гэж заасан. Тиймээс энэ оны сүүлээр Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид дахин онцгой дэглэм тогтоох нь. "Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жилийн хугацаанд нүүрс олборлолтыг 3 дахин, нүүрс тээврийг 3.5 дахин, орлогыг 3.6 дахин, нүүрс борлуулалтыг 3.9 дахин нэмэгдүүлж Улсын төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж УИХ, Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.