ТОМИЛОЛТ: Ямар ч нөхцөл байдал үүссэн ураны уурхай Монголд ашигтай. Хамгийн өндөр АМНАТ тогтоож, зөвхөн татвараас 3.2 тэрбум ам.долларын орлого олно /ВИДЕО/

ТОМИЛОЛТ: Ямар ч нөхцөл байдал үүссэн ураны уурхай Монголд ашигтай. Хамгийн өндөр АМНАТ тогтоож, зөвхөн татвараас 3.2 тэрбум ам.долларын орлого олно /ВИДЕО/

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт “Зөөв-Овоо” ураны үйлдвэр туршилтын үйл ажиллагаа явуулж, нийт 10 тонн шар нунтгийг гарган аваад буй. Тус ураны уурхайн олборлолтын үйл ажиллагаа болон цацрагийн нөлөөллийн талаар бид өмнөх сурвалжилгаараа хүргэсэн билээ. Өмнөх нийтлэлийг ЭНД ДАРЖ уншина уу.

ВИДЕО:

Энэхүү ураны төслийг БНФУ-ын төрийн өмчит “Орано майнинг” компани Монголын талаас “Бадрах энержи” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Тэгвэл энэ удаа тус төслөөс Монгол улс хэр хэмжээний ашиг хүртэх талаар мэдээлэл хүргэхийг зорилоо.

“Зөөвч-Овоо” ураны уурхайд 2028 оноос эхлэн 30 орчим жилийн хугацаанд уран олборлохоор төлөвлөсөн бөгөөд 2019-2021 онд газар ашигласны төлбөр болгож Дорноговь аймагт нийт 3.5 тэрбум орчим төгрөг төлжээ.

Харин уран олборлох тусгай зөвшөөрлийг 1.05 тэрбум төгрөгөөр авсан байна. Тус үйлдвэр нийт 104 орчим ажилтантай. Ажилчдын 96 хувь нь Монгол Улсын иргэд гэнэ. Мөн төсөл хэрэгжих хугацаанд 2 тэрбум ам.долларыг улс, орон нутгийн төсөвт татвар, хураамж хэлбэрээр төлнө. Түүнчлэн 72 оюутанд тэтгэлэг олгосон ба “Бадрах энержи” ХХК 34 хувийг эзэмшиж байгаа аж. Ийнхүү бид Монголд орох ашиг орлогын талаар дэлгэрэнгүй мэдээллийг “Бадрах энержи” ХХК-ийн Монгол дахь төрийн өмчит компани болох “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирал С.Наранцогтоос тодрууллаа.

Тэрбээр, “Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр үндсэн хэдэн нөхцөл дээр протокол зурсан. Энэхүү протоколын нөхцөлд хамгийн өндөр буюу 10-19 хувийн АМНАТ авна гэж заасан. Дээр нь бид 10 хувийн давуу эрхийн хувьцаа авч байгаа учраас ямар ч тохиолдолд төслөөс орж ирсэн ашгийн ихэнх хувийг Монгол хүртэнэ гэсэн үг.

Түүнчлэн ураны үнийг дунджаар 60-70 доллар гэж тооцвол төслөөс орж ирэх борлуулалтын орлого ойролцоогоор 12 тэрбум ам.доллар болно. Мөн нэмээд 3.2 тэрбум долларыг татвар, хураамж болгож авна.

3.4 тэрбум орчим доллар нь хөрөнгө оруулагчийн хувьцааны ногдол ашиг болж, үлдсэн хувь нь явцын хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардал байна. Энэ үйлдвэрт дийлэнх нь монгол хүмүүс ажиллах учраас үйл ажиллагааны зардал нь Монголд л үлдэнэ гэсэн үг. Давуу эрхийн хувьцааны талаар тодотгоод хэлбэл нэгдүгээрт энгийн хувьцаа шиг үйл ажиллагаанд оролцохгүй. Мөн хориг тавих эрхтэй. Өөрөөр хэлбэл хувьцаагаа өөр компанид зарах болон үйлдвэрлэлээ зогсоох, янз бүрийн шийдвэрт нь хориг тавих эрхтэй гэсэн үг. 

Дэлхий дээр цөмийн цахилгаан станцууд нэлээдгүй баригдаж байна. Иймд ураны эрэлт нэлээд нэмэгдэх магадлалтай байгаа тул үнэ өсөх магадлалтай. Хэрвээ түүхий эдийн үнэ нэмэгдвэл монголд орж ирэх ашгийн хэмжээ, татварын хэмжээ л нэмэгдэнэ.  Мөн 10 хувийн давуу байдлын механизмаар дахин ногдол ашиг авна гэсэн үг” гэлээ.