Монгол Улсад 11 жил ажиллаж, амьдарсан Японы Элчин сайд Кобаяши Хироюки нь нутаг буцаж байна

Монгол Улсад 11 жил ажиллаж, амьдарсан Японы Элчин сайд Кобаяши Хироюки нь нутаг буцаж байна

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкийн бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаа аж. Элчин сайд Х.Кобаяши нь Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. 

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаа юм. 

Элчин сайд Х.Кобаяши нь Монгол Улсад нийт 11 жил ажиллаж, амьдарсан юм. Түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр улсын харилцааны шинэ бэлгэдэл болох “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсон билээ.