С.Бямбацогт: 13 аймаг төмөр замд холбогдоно

С.Бямбацогт: 13 аймаг төмөр замд холбогдоно

“Бүс нутгийн тээвэр, логистикийн холболтыг бэхжүүлэх нь” сэдэвт “Тээврийн долоо хоног 2023” олон улсын форум арга хэмжээний хоёр дахь өдрийн хурал эхэллээ. Өнөөдөр “Railway Mongolia 2023” төмөр замын салбарын өдөр юм. Хоёр дахь өдрийн хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, үг хэлэв. Үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Монгол Улсын төмөр замын салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж сэдвээр илтгэл танилцуулав.

Монгол Улсад төмөр зам үүссэнээс хойш 70 жилийн хугацаанд ердөө ганцхан төмөр замтай байсан. Тэгвэл 2019 -2023 онд шинээр 905 км төмөр зам барьж, Монгол Улсын төмөр замын сүлжээ нийт 2020 км болон өргөжжээ. 2019 онд ганцхан төмөр замын төв коридороор 28.2 сая тонн ачаа тээвэрлэж байсан. 2023 оны байдлаар шинэ төмөр замуудын туршилтын тээвэрлэлтүүдийг эхлүүлж,  37.7 сая тонн ачаа тээвэрлэхээр төлөвлөсөн байна. Мөн 2023 оны эхний 10 сарын байдлаар төмөр замаар 3.6 сая тонн транзит ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувиар өссөн үзүүлэлттэй юм.

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтын илтгэлээс онцлох ишлэлүүдийг хүргэе.

  • Монгол Улс саяхныг хүртэл БНХАУ-тай төмөр замаар Замын-Үүд-Эрээн гэсэн ганцхан боомтоор холбогдож байлаа. Тэгвэл өнөөдөр Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч боомтыг шинээр холбох ажлыг амжилттай эхлүүлж Хятадын талтай тохирч чадлаа. Цаашлаад Ханги-Мандал, ОХУ-тай Арцсуурь-Цагаантолгой зэрэг дараагийн шинэ гарцуудыг нээхээр онцгой анхааран ажиллаж байна.
  • Бид төмөр замын таван шинэ гарцтай болно. Хил холболтын төмөр замуудыг  барьж, шинэ гарцууд нээснээр 2030 он гэхэд төмөр замын хүчин чадал жилд 180 сая тонн болж нэмэгдэнэ.
  • Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор бүс нутгийн уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орж тээвэрлэлтийн хүчин чадал 25-30 сая тонноор, Арцсуурь-Нарийн сухайт-Шивээхүрэн чиглэлийн 1255 км төмөр зам жилд 25-30 сая тонн ачаа тээвэрлэх боломжтой.
  • Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн 431 км төмөр замын төсөл нь концессоор хэрэгжих бөгөөд “Монголын төмөр зам”-ын оролцоотой төслийн зориулалттай “Сайншанд-Баруун-Урт-Хөөт төмөр зам” хэрэгжүүлнэ.
  • Төв коридорын Багахангай өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотыг баруун урд талаар Богдхан уулын өвөрт байрлах Хөшигтийн хөндийн Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын орчмоор дайран тойрон гарч, төв коридорын Мандал өртөөтэй холбогдох 144.8 км төмөр замын төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын дундуур аюултай ачаа тээвэрлэхгүй болж түгжрэл буурна. Мөн Хөшигтийн хөндийд тээвэр логистикийн төв байгуулах, төв коридорын хүчин чадлыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.
  • Улаанбаатар-Хархорин чиглэлийн 384 км төмөр замын төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, барьж байгуулахад хөрөнгө оруулж хамтран ажиллах бүрэн боломжтой.
  • Төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж дөрөв дахин өргөжиж, Эрээнцав-Бичигтийн зүүн коридор, Арцсуурь-Шивээхүрэнгийн баруун коридоруудтай болж, нийт эдийн засгийн гурван коридортой болно.
  • Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав гэсэн төмөр замын гурван боомттой байгаа бол бодлого хэрэгжсэнээр Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Ханги боомтууд төмөр замаар холбогдож нийт долоон төмөр замын боомттой болно.
  • Өнөөдрийн байдлаар тээвэрлэж буй 3.4 сая тонн транзит ачааг 40 сая тоннд, тээвэрлэж буй 8.2 сая тонн экспортын ачааг 80 сая тоннд хүргэнэ.
  • БНХАУ-ын зөвхөн Тяньжин боомтоор бус Хуанхуа, Цинхуандао, Жинжоу, Инкоу, Далянь, Дандун, Ляньюунганг зэрэг далайн боомтоор, ОХУ-ын Алс дорнодын Ванино, Восточный, Находка, Владивосток, Посьет, Зарубино зэрэг далайн боомттой холбогдох боломж бүрдэнэ. Цаашлаад Энэтхэгийн далайн Карачи, Бандар Аббас далайн боомт, Туркийн Истанбул боомтоор дамжин Европын улсуудын боомтод хүрэх боломжтой болно. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нар “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан.
  • Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлоготой уялдуулан баруун коридорыг ОХУ-ын Курагино-Кызыл-Цагаантолгой боомтоос Монгол Улсын Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн боомтоор дамжин БНХАУ-ын Сэхэ-Далайхөв узен хүрэхээр төлөвлөөд байна.
  • Бидний барихаар төлөвлөсөн төмөр замын зүүн коридор нь ОХУ-ын Борзя-Соловьевск боомтоос Монгол Улсын Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт боомтоор дамжин БНХАУ-ын Зүүн хатавч-Улаанхад- Чаоянаар дайран Жинжоу, улмаар Лянюунган далайн боомтод хүрэхээр төлөвлөж байна.
  • БНХАУ, ОХУ-ын худалдаа жилээс жилд өсөж мөдхөн нэг жилд 200 тэрбум ам долларт хүрэхээр байна.
  • Сүүлийн хоёр жилд Монгол Улсаас БНХАУ-руу хийх экспортын хэмжээ огцом нэмэгдсээр байна. Евроазийг холбосон коридоруудын тээвэрлэлтийн үзүүлэлтийг дараах графикаас харахад нийт транзит ачааны 29 хувийг Манжуур боомтоор, 27 хувийг Хоргос боомтоор, 20 хувийг Алашанкоу боомтоор, 19 хувийг Замын-Үүд, Cүйфэнхө боомтоор тээвэрлэж байна.
  • Монгол Улсын төмөр замын салбарт хэрэгжүүлж буй төслүүд бүрэн хэрэгжсэнээр манай улсын нийт 13 аймаг төмөр замын дэд бүтцэд холбогдож, нийт 4680 км урт үндэсний төмөр замын сүлжээтэй болж, ашигт малтмалын 230 орчим орд газар эдийн засгийн эргэлтэд орох, төмөр замаар нийт  180 сая тонн хүртэлх ачаа тээвэрлэх, шинээр 13 мянган байнгын ажлын байр, 20-30 мянган түр ажлын байр бий болох, дэд бүтэц дагасан томоохон суурьшлын бүсүүд бий болж хөгжих олон талын ач холбогдолтой.
  • Бүс нутгийн хувьд Монгол Улсын баруун зүүн төмөр замын шинэ коридор бий болсноор жилд тус бүр нь 25-30 сая тонн ачаа тээвэрлэх бөгөөд үүний 10-15 сая тонн нь транзит ачаа тээвэр байх боломжтой.



Өнөөдөр могой өдөр

34 минутын өмнө