Цасанд боогдсон 78 айлыг нүүлгэн шилжүүлж, 526 км замыг нээжээ

Цасанд боогдсон 78 айлыг нүүлгэн шилжүүлж, 526 км замыг нээжээ

Төв аймгийн Лүн, Эрдэнэсант, Бүрэн, Өндөрширээт суманд энэ сарын 4-5-ны өдрүүдэд үргэлжлэн орсны цасны улмаас цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдож, үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын даргын шийдвэрээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Баянмөнх нараар ахлуулсан ажлын хэсэг удирдлага, зохион байгуулалтаар ханган, газар дээр нь ажиллаж байна.

Мөн эдгээр сумдад Улсын онцгой комиссоос шаардлагатай байгаа түлшний дэмжлэг үзүүлсэн. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Бүрэн суманд ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ. Сумын хэмжээнд 4-5-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, 16-22 м/сек хурдтай хүчтэй цасан шуурга шуурч,  агаарын температур -17.7 хэм хүрч хүйтэрсэн бөгөөд талдаа 25см, гуу жалгандаа 60-7 0см зузаан цастай болсон байна.

Аюулт үзэгдлийн улмаас 93 айл өрх намаржаанаас өвөлжөө рүү нүүх, намаржаанд үлдээсэн гэр, машин техник, малын хашаагаа авах зэргээр нийт 616 км цасанд боогдсон замыг нээх шаардлага тулгарсан. Одоогийн байдлаар ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, аймгийн Онцгой байдлын газар, сумын Онцгой комиссын гишүүд хамтран ажиллаж, 526 км замыг нээж, 78 айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.