Арваннэгдүгээр сарын эхээс хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар цасан шуурга шуурсан нь зарим малчдын хувьд хэдийнээ зудын байдалд шилжсэн хахир өвлийн эхлэл боллоо. Тухайлбал, Завхан, Төв аймгуудад 20-30 см цасан бүрхүүл тогтсоны улмаас мал бэлчих боломжгүй болоод байгаа юм. Ингэснээр малчид цаашид өвс, тэжээлээр малаа тордохоос араггүйд хүрч байна. Иймд бид энэ удаа Улаанбаатар хотод малын өвс, тэжээл хэдэн төгрөгөөр худалдаалагдаж буйг сурвалжлахаар Энхжин худалдааны төв болон 22-ын товчоо орчмын худалдаачдыг зорилоо.
ВИДЕО:
-ТЭЖЭЭЛИЙН ОЛДОЦ МУУ УЧИР ҮНЭ НЬ ДОЛОО ХОНОГТ ХОЁР МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЖЭЭ-
Хамгийн түрүүнд бид Энхжин худалдааны төвөөс эмээлт хүртэлх малын бүх төрлийн тэжээл худалдаалж буй газруудаас үнийн мэдээллийг тодруулахад, 2023 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар малын тэжээл нэг шуудайн 22 мянган төгрөгөөр худалдаалж байв. Энэ нь өнгөрсөн өдрөөс мянган төгрөгөөр, өмнөх долоо хоногоос дахин мянган төгрөгөөс өссөн дүн аж. Харин үнийн өсөлтийг худалдаачид эрэлт ихтэй, олдоц муу байна хэмээн тайлбарлав
Худалдаачид, “Малчид тэжээлийн үнэ нэмэгдэж байгаад их бухимдаж байна. Гэвч бидний хувьд үйлдвэр хэд гэнэ тэр үнээр нь авч мянган төгрөг л нэмж зардаг. Ихэнх аймаг сумд зудтай хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа малчдаа ойлгож байгаа ч тэжээлийн үнэ буулгах ямар ч нөхцөлгүй. Энэ асуудалд төрөөс анхаарал хандуулъя гэхэд ч төрд байгаа үйлдвэр ч гэж алга. Бүх юм нь хувь хувьсгалынх болоод ирэхээр тэд ашгаа бодож үнэ ээ тогтооно шүү дээ. Харин бид тэр үнэд нь л авч байна” гэсэн юм.
-ЦАС ОРСНЫ ДАРАА ӨВСНИЙ ҮНЭ ХОЁР МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ, 13 МЯНГАН ТӨГРӨГ БОЛЖЭЭ-
Бид цаашлан 22-ын товчоо орчимд зогсох Дорнод болон Төв аймгаас ирсэн өвс, ногоон тэжээлийн худалдаачид дээр очиход өвс 13 мянган төгрөгөөр, ногоон тэжээл 11-18 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байв. Мөн тэд өвс, тэжээлийн үнэ цас орсны дараа хоёр мянган төгрөгөөр нэмэгдсэнийг хэлж байлаа.
Харин үнийн өсөлтийн шалтгааны талаар худалдаачид “Нэгдүгээрт бензин олдохгүй байгаа нь өвс, тэжээлийн үнэд шууд нөлөө үзүүлж байна. Хоёрдугаарт цаг уурын нөхцөл нөлөөлж байна. Одоогоор өвс, тэжээлийн үнэ харьцангуй гайгүй байна. Түрүү жил өвс нэг боодол нь 25 мянган төгрөг гэж байсан шүү дээ. Тиймээс малчид маань эртхэн гайгүй үнэтэй байгаа дээр нь аваасай гэж зөвлөмөөр байна. Бидний хувьд байж болох хамгийн хямд үнийг л хэлж байгаа. Үнэн дээ өвс өө бэлтгэх талбайн түрээс 5 саяд хүрсэн, бензин олдохгүй, үнэ нь өссөн гээд асуудал их байгаа ч одоогоор үнэ ээ нэмж чадаагүй л байна” хэмээсэн юм.
Түүнчлэн Улаанбаатар хотод худалдаалагдаж буй өвс, тэжээл орон нутагт очихдоо тээврийн зардал болон ашиг гэж даруй 10 мянган төгрөгөөр нэмэгдэж ихэнх малчдын гарт өвс 20 гаруй мянга, тэжээл 30 орчим мянган төгрөгөөр хүрдэг гэдгийг өвс, тэжээлийн худалдаачид онцолж байлаа.