ВИДЕО: Цус сэлбэлт үндэсний төвөөс дроноор тав хүртэлх килограмм цус хүргэх туршилтын нислэгийг хийлээ

ВИДЕО: Цус сэлбэлт үндэсний төвөөс дроноор тав хүртэлх килограмм цус хүргэх туршилтын нислэгийг хийлээ

Цус сэлбэлтийн үндэсний төвөөс Монгол-Японы эмнэлэг хүртэлх 4.7 км зайд Airtruck тусгай логистикийн дроноор таван килограмм цус хүргэх туршилтын нислэгийг өнөөдөр /2023.11.13/ хийлээ.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын түгжрэл нэмэгдэж, зарим үед тэг зогсолт болж буйтай холбогдуулан эмнэлгийн яаралтай хангамжийн бүтээгдэхүүн тээвэрлэлтэд асуудал үүсэж болзошгүй байгаа юм. Иймд түгжрэлтэй бүсийн эмнэлэг хооронд тав хүртэлх килограмм цусыг дроноор тээвэрлэх туршилтыг хийлээ. Дроноор цус тээвэрлэх ажлыг өмнө нь буюу ковидын үеэр анх хэрэгжүүлж байсан бол өнөөдөр технологио сайжруулан нэвтрүүллээ. Ингэхдээ цусыг тээвэрлэхэд тусгай зориулалтын саванд хийж, салхи болон агаарын температур нөлөөлөхгүй байхаар аюулгүй тээвэрлэлт хийж байгаа юм.

Энэ талаар Цус судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэбаяр “Манай төвийн хувьд Монгол Улсын хэмжээнд цус цусан бүтээгдэхүүний нөөц, аюулгүй байдлыг хариуцан ажилладаг тусгай мэргэжлийн төв юм. Бид энэ хугацаанд дэлхий нийтэд тохиосон цар тахлын үед  анх дроны төслийг хэрэгжүүлж, монгол инженерүүдтэй хамтран ажиллаж байсан. Техникийн шийдлийн хувьд бид 4G технологийг ашиглаж байсан боловч тулгамдсан асуудлууд байсаар байсан. Тиймээс илүү шинэ үеийн технологи шаардлагатай байсан тул зөвлөлдөж Монгол-Японы эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэхээр туршилтын үйл ажиллагааг явуулж байна. Мөн цаашид дроны ажиллагааг Монгол Улсын уур амьсгалд тохируулах шаардлага үүсэж байгаа. Бид одоогоор тээвэрлэх цусаа тусгай зориулалтын хайрцагт хийж  салхи болон гаднын температурт өртөхгүй байдлаар зөөвөрлөх туршилтыг эхлүүлээд байна. Цаашид уг үйл ажиллагаа өдөр тутмын хэрэглээнд нэвтрэх байх гэж найдаж байна” гэлээ.

ВИДЕО: