МАН сонгууль өгдөг ахмадууд болон ажилчдын тэтгэвэр, цалинг нэмж, сонгууль өгдөггүй хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс 2000 төгрөг харамлав

МАН сонгууль өгдөг ахмадууд болон ажилчдын тэтгэвэр, цалинг нэмж, сонгууль өгдөггүй хүүхдүүдийн хоолны мөнгөнөөс 2000 төгрөг харамлав

2024 оны төсвийн төслийг УИХ-аар өнгөрсөн долоо хоногт баталсан. Ирэх оны төсөвт цэцэрлэгийн хүүхдийн мөнгийг 2475 байхаар тооцсон. Зарим гишүүд цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 4000 төгрөгт хүргэх саналыг гаргасан ч гишүүд дэмжсэнгүй. Ингэснээр хүүхдүүд сүү, жимс, нарийн ногоо зэрэг илчлэг, уурагтай хоол идэж чадахгүй хэвээр үлдэв. Харин цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 3.4 их наяд төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Эндээс үзэхэд МАН сонгууль өгдөг ахмадууд болон ажилчдынхаа тэтгэвэр, цалинг нэмээд сонгууль өгдөггүй хүүхдүүдийн хоолноос мөнгө харамлажээ. 

Сангийн яамнаас есдүгээр сарын 29-ний өдөр өргөн барьсан төсвийн төсөлд манай улс ирэх онд 25.3 их наяд төгрөгийн орлоготой, 27.2 их наяд төгрөгийн зарлагатай байх бөгөөд алдагдал 2.1 их наяд байхаар тооцоолсон байв. Харин УИХ-аар хэлэлцэх явцад зарлагыг 200 орчим тэрбум төгрөгөөр, орлогыг 600 орчим тэрбум төгрөгөөр өсгөж батлав. Ингэхдээ хүүхдийн хоолны мөнгийг орхигдуулсан нь анхаарал татаж байгаа юм. Орлогыг ийнхүү өсгөснөөр анхны төсөлд мэдүүлсэн байсан 2.1 их наядын алдагдлыг 1.5 их наяд төгрөг болгов. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.